Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч ангийнхаа охинд зодуулж хүнд гэмтжээ. Зүүн нүд нь бараг харахаа байж, баруун нүд нь дөнгөж 60 хувийн л хараатай үлдэж. Есдүгээр сарын 1-нд сургуульдаа явахдаа маш их айдас, цочролыг даван туулж ангидаа очсон боловч байдал дээрдээгүй. Анги нь В1 давхарт бууж, бас л камергүй байж таарчээ. Гэвч сургуулийн захиргаанаас одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Ангиа солих талаар хүсэлт өгсөн ч уртын урт дараалал бүхий бүрдүүлэх зүйлсийн жагсаалт өгчээ.
Хавар дөрөвдүгээр сарын 17-нд гарсан уг хэрэг өнөө хэр шийдэгдээгүй, цагдаагаас ч тэр, сургуулиас ч тэр дорвитой арга хэмжээ авахгүй байгаа болохоор аргаа барсан ээж манай сайтад хандлаа.
-Охины бие ямар байна. Сэтгэл санаа нь хэр байна вэ? Өөр ангид шилжүүлэх талаар та яриа өгч байсан. Асуудал шийдэгдэв үү?
-Эрүүл саруул хүүхдийг маань насан туршид нь хараагүй болгочихлоо. Эмэгтэй хүүхдэд маш хэцүү, түүнээс гадна маш их айж, цочирдож, стресст орж байна. Сургууль дотор дээрэлхэлт болж байгааг сургууль нь нуугаад хөдлөхгүй байна шүү дээ. Дээрээс нь багш нар нь хүртэл намайг дээрэлхэж байгаа. Өөр ангид шилжүүлэх гэтэл урдаас баахан юм шаардсан. Бүр хүүхдийнхээ өвдсөн гэсэн Шүүх шинжилгээний дүгнэлтийг (CD)-г хувилж авчир гэж шаардсан. Манай байрны ордер, надаас баахан амлалтын бичиг хийж өгч гарын үсгээ зурахыг бас шаардаж байгаа. Би багшид нь “Та яагаад надаас CD нэхэж байгаа юм бэ. Та эмч биш, цагдаа биш гэж хэлсэн”. Гэтэл сургуулийн шаардлага гэж тайлбарласан.
-Ямар ямар шаардлага тавьсан бэ?
-Багшаас нь надад илгээсэн зурвасыг би танай сайтад өгье, 15 зүйл байгаа. Манай байрны ордер, миний оршин суугаа газрын тодорхойлолт, гэр бүлийн байдал, өөрийн эрхэлдэг ажил, хүүхэд яагаад ангийн охинтой үл ойлголцолд хүрсэн, эвлэлдэн нэгдэхгүй байгаагийн учир гээд. Шүүх шинжилгээний байгууллагаас надад өгөх ёстой CD-ны хуулбарыг хүртэл нэхсэн. Өөр сургуулиас шилжиж ирээгүй, өөр ангид л орох гэж байхад ийм их зүйл шаардаж байгааг ойлгохгүй байна.
-Та Шүүх шинжилгээний байгууллагаас гаргах ёстой дүгнэлтээ авч чадахгүй байгаа гэж байсан.
-Би хүүхдийнхээ гэмтсэн талаарх Шүүх шинжилгээний байгууллагаас гаргаж өгөх ёстой дүгнэлтийг авч чадахгүй 5 сар гаруй болж байна. Гэмтсэн даруйд нь Эх нялхсын эрүүл мэндийн төвд очиж үзүүлээд шууд Шүүх шинжилгээний газар очсон. Дээшээ гарч чадахгүй үүдэнд нь хэвтэж байгаад л үзүүлсэн. Үзсэн ч гэж дээ нэг эмч ирээд хараад явсан. 14 хоногийн дараа ирээрэй гэтэл, миний өгсөн өөр эмнэлэгт үзүүлсэн CD энэ тэрийг алга болгочихсон гээд сууж байсан.
-Цагдаагийн байгууллагаас танд ямар хариу өгч байна.
-Зургаан сарын хугацаа өнгөрчихлөө яагаад энэ хэрэг урагш явахгүй байгаа юм бэ гэж шаардаж байгаа. Яагаад мөрдөхгүй байгаа, яагаад дахиж мэдүүлэг авахгүй байгаа, мөрдөгч маань ажлаа хийж байгаа юу гэдгийг мэдэхгүй байна.
Шүүх шинжилгээний байгууллагаас авах хариу надад ирэхгүй байхаар нь хэрэг авсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны мөрдөгч рүү залгатал ажлаа сольчихсон байсан. Дахин дахин утасдаж байж байцаагчаа олоод очиж уулзсан. Гэтэл саяхан энэ хэргийг авсан болохоор танилцаж амжаагүй байна гэж хариу өгсөн. Гэтэл 6 дугаар сарын 24-нд танай охины шүүх шинжилгээний хариу гарсан гэж дуудаад, би өмгөөлөгчтэйгөө очиж уулзсан. Энэ дүгнэлтээр “хөнгөвтөр гэмтэл” гэсэн хариу өгсөн байсан. Тэгээд санал нийлэхгүй гээд дахин гэмтлийн зэрэг тогтоолгохоор Шүүх шинжилгээний байгууллагад хандсан ч одоо болтол хариу гараагүй байгаа.
-Шүүх шинжилгээний үндэсний төвд Та хэдэн удаа очсон бэ. Тэднийх албан ёсны хариу хэлэв үү?
-Дахин дүгнэлт гаргуулахаар бүтэн биеийн MRI харуулснаа өгсөн. Бас хамрын яс нь мурийсан. Нүд нь хараагүй болчихсон байхад хөнгөвтөр гэсэн дүгнэлт гаргасантай санал нийлээгүй. Тэгээд дахин дүгнэлт гаргуулахаар хүсэлт өгсөн боловч одоо хэр сураггүй байгаа.
Шүүх эмнэлгийн үүдэнд өдөр бүр ирж, асууж сурагласаар бүртгэлийн газрын хоёр эмэгтэй даргадаа ээлжилж хэлж байж, би өөрөө бараг хүчээр даргатай нь орж уулзсан. Гэтэл “хариуцсан эмчийг нь олж мэдээд танд хариу хэлье гээд намайг гаргасан. Арваад хоногийн дараа нэг эмч надтай холбогдож CD-г чинь өгье. Ширээний нүдэнд далд байсан байна. Харин та надад авсан гэж гарын үсэг зурж өгнө үү гэсэн хүсэлт хэлэхээр нь би “Та манай мөрдөгчид наад CD-гээ албан ёсоор хүлээлгэж өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд дараа нь мөрдөгчтэй уулзаад “Та CD авсан уу гээд” гаргаж ирээд үзтэл дүгнэлт, гарын үсэгтэй хүлээлгэж өгсөн бичиг байхгүй байсан.

Сургуулиас шаардсан зүйл:
- 1.Байрны ордер,
- 2.Оршин суугаа газрын тодорхойлолт, гэр бүлийн байдал,
- 3.Өөрийн эрхэлдэг ажил,
- 4.Хүүхэд яагаад ангийн охинтой үл ойлголцолд хүрсэн, эвлэлдэн нэгдэхгүй байгаагийн учир,
- 5.11а ангид суухгүй гэсний учир,
- 6.Хүүхдийн үгийг сонсохгүй бүгдийг асран хамгаалагч шийдээд байгаагийн шалтгаан,
- 7.Сургууль, багшийг буруутгаад байгаа учир,
- 8.Энэ ангид ороод ямар ч асуудал үүсгэхгүй, хэрвээ ямар нэгэн асуудал гарвал дахин сургууль дээр ирж хэрүүл тэмцэх хийхгүй байх тухай,
- 9.Хүүхдээ дэмжин түүнд тусалж ажиллах,
- 10.Анги хамт олонд хэрхэн тусалж дэмжин ажиллах талаар,
- 11.Хичээл ордог багш нарыг хүндэтгэн хамтран ажиллах,
- 12.Хүүхдийнхээ мэргэжилд хэр анхаарч байгаа,
- 13.Хүүхдийн үгээр үг хийж сургууль дээр сенсаац дэлгэж ТВ дуудахгүй,
- 14.АУБагшийг хүндэтгэн тлүү дутуу хэрүүл уруулд оруулж ажиллахгүй талаар,
- 15.Сурч буй сургуулийн болон ангийн дүрэм журмыг мөрдөж ажиллах