Өмчийн хэлбэр үл харгалзан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллежийн суралцагч бүрт хувьсах зардал олгодог. Хувийн цэцэрлэг, сургуульд явдаг хүүхдэд хувьсах зардал олгохдоо байршил, төлбөрийн хэмжээнээс хамаарч, ялгаатай тогтоожээ. Аль цэцэрлэг, сургуулийн хүүхдэд хэдэн төгрөгийн хувьсах зардал олгохыг итгэлцүүрээр тогтоодог. Төлбөргүй болон 1 сая хүртэл төгрөгийн төлбөртэй бол 1-ээр, 1-5 сая төгрөгийн төлбөртэй бол 0.6-гаар, 5-10 сая төгрөгийн төлбөртэй бол 0.5-аар, 10 саяас дээш төгрөгийн төлбөртэй бол 0 буюу хувьсах зардал олгохгүй гэсэн итгэлцүүр хэрэглэж байгаа аж.
Үүнтэй холбоотой журамд ялгаатай хэрэгцээт суралцагчийг тэгш хамран сургахтай холбоотой шалгуур оруулжээ. Хувьсах зардал олгохдоо үүнийг харгалзан үздэг юм байна.
Хувийн өмчийн ерөнхий боловсролын 189 сургуулиас 166-д нь өнгөрсөн хичээлийн жилд хувьсах зардал олгожээ. Засгийн газрын 2024 оны 53 дугаар тогтоолын дагуу 1 суралцагчид ногдох хувьсах зардалд хүүхэд хамгаалах зардлыг багтаан олгож байгаа аж.