УИХ яагаад ч тарахгүй


Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг Засгийн газар 9 дүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барьсан. МАН-ын даргын сунгаанаас болж улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас УИХ ирэх жилийн төсвөө хэлэлцэж чадахгүй гацаанд ороод байгаа.

Улсын төсөв хэлэлцэх нь байтугай парламент дахь МАН-ын бүлэг хурлаа хийж чадалгүй явсаар, 2 хуваагдлаа. Одоо УИХ-д МАН-ын 2 бүлэг бий болж, тус бүртээ 2 даргатай болчхов. 1 бүлэг нь Б.Амарбаясгаланг, нөгөө нь Г.Занданшатарыг дэмжигсэд. Бага хурлынхаа гишүүдийг 2 хувааж орхисон тэд одоо УИХ дахь намынхаа бүлгийг хувааж орхилоо.

УИХ 2025 онд Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон бусад холбогдох хуульд өөрчлөлт оруулж, улсын төсвийн төслийг 5 үе шаттайгаар хэлэлцэн баталдаг болсон. Ингэхдээ цуврал хэлэлцүүлэг хийж, салбар салбараар нь төсвийг танилцуулан хэлэлцүүлж, урсгал зардал, хөрөнгө оруулалтаа яаж шийдэх, цаашдын хөгжлийн төлөвөө хэрхэн харах, бүх талуудын оролцоог хангах, асуудлаа хамт ярилцах боломж бүрдүүлдэг болсон. Үүний дагуу ноднин өдийд олон цуврал хэлэлцүүлэг зохион байгуулчихсан байлаа. Гэтэл одоо УИХ-ын гишүүдийн гол анхаарал сандал суудал төвлөрч, улсын төсөв хавсарга байдалтай явж байна.

“Хуульд заасан хугацаанд улсын төсвөө баталж чадахгүй бол УИХ тарна” гэсэн заалт аль ч хуульд байхгүй

2026 оны төсвийг 11 дүгээр сарын 15-ны дотор батлах хугацаатай. Ганц сар үлдээд байхад дөнгөж өнөөдөр л 2 дахь хэлэлцүүлгээ эхэлж байна. УИХ хуульд заасан хугацаандаа багтаж, ирэх оны төсвийг батлахгүй бол тарна гэж олон нийт ойлгодог. Үнэндээ “Хуульд заасан хугацаанд улсын төсвөө баталж чадахгүй бол УИХ тарна” гэсэн заалт аль ч хуульд байхгүй. Байгаа ч үгүй. Монголын парламентын түүхэнд тийм юм болсон удаа үгүй.

Төсвийн тухай хуульд улсын төсвийг хэзээ өргөн мэдүүлэх, батлах тухай заасан ч төсвийг хугацаанд нь баталж чадахгүй бол гарах гарц гаргалгаа, тооцох хариуцлагын талаар юу ч байдаггүй. Улсын төсөв батлах нь байнгын ажиллагаатай парламентын байнга хийдэг ажлын нэг. Батлахгүй бол нэг ажлаа хийсэнгүй ээ л гэсэн үг.

Гэсэн ч манай УИХ энэ ажлаа яаж ийгээд хийгээд л байдаг юм. Сайн хийсэн үү, муу хийсэн үү гэдэг тухайд бол ярих юм ихтэй л дээ. Ч.Улаан гишүүний 2014 онд хэлсэнчлэн ямар УИХ байна, тийм л төсөв болсоор ирэв. Яг одоо ч тийм л юм болж байна.

Тэгэхээр байна шүү, УИХ тарахгүй. Ерөнхийлөгч тараах санал гаргахгүй бол шүү дээ

УИХ ажлаа хийж чадахгүй явахад ЗГ өчигдөр 2026-2030 он хүртэлх Монгол Улсын 5 жилийн үндсэн чиглэлийг баталж, “Монгол Улсын 2026-2030 оны улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төслийг боловсрууллаа. Үүнийг 10 дугаар сарын 31-нээс өмнө УИХ-д өргөн барих ёстой. Түүнийг нь парламент 12 дугаар сарын 1-нээс өмнө хэлэлцэн батлах хугацаатай.

Тэгэхээр байна шүү, УИХ тарахгүй. Ерөнхийлөгч тараах санал гаргахгүй бол шүү дээ. Түүнээс наана өөрсдөө тарна гэж ёстой байхгүй. Төрийн албан хаагчид цалингүй, хөгшчүүл тэтгэвэргүй, халамжийнхан тэтгэмжгүй, ТҮК-ийнхэн зам дээр цацах давсгүй, хогны машин бензингүй, эмнэлгүүд эм, тарианы мөнгөгүй болох л аюул бий.

УИХ ажлаа хийхгүй бол ард иргэд бид л хохирно. Гишүүд ажлаа хийсэн ч, хийгээгүй ч 7 сая төгрөгийн цалингаа авч “Эрхэм гишүүн ээ” гэж хүндлүүлнэ. Тэд цалингаа хугацаандаа авсангүй гээд хотойхгүй. Бид л цалингаа цагтаа авч чадахгүй бол гал алдана. Ийм л юм болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *