УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг эцэслэх учиртай. Гэвч нэр бүхий гишүүд, сайд нар “Хууль зөрчсөн асуудал хэлэлцэх гэж байна” гэж мэдэгдэж үндсэн хуулийн цэцэд хандан хуралдаа суухгүй гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах гэж буйг мэдэгдэн, чуулганы хуралдааныг 30 минут түр завсарллууллаа. Даргын дэргэдэх зөвлөл хуралдах чуулганаар хэлэлцэх асуудлын тов дарааллыг гаргадаг. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хэлэлцэх асуудлын дараалалд оруулж хэлэлцэж эхэлсэн ч УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хуулийн хугацаагүй гэдгээр шалтаглан хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй өнөөдрийг хүрсэн билээ. Тэгвэл өнөөдөр их хурал дахь АН-ын бүлэг УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хамтад нь хэлэлцүүл гэдэг шаардлагыг тавиад байна. Одоо хуралдаж байгаа даргын дэргэдэх зөвлөл гэхдээ АН-ын уг шаардлагыг хүлээн авч хэлэлцэх асуудлын дараалалд оруулах эсэх нь эргэлзээтэй. Тэгвэл парламентын хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоодог “дархан” эрхтэй зөвлөлийн гишүүдийг танилцуулъя.
ИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд байнгын хорооны дарга нараас гадна УИХ дахь намын бүлгийн дарга, дэд дарга нар багтдаг. УИХ-д суудалтай бөгөөд нам, эвслийн бүлэг байгуулаагүй нам, эвслийг төлөөлж тус бүр 1 гишүүн орно. УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга бас уг зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг. Нийт 24 гишүүнтэй. Зөвлөлийн хуралд нам, эвслийн бүлгийн дэд дарга таслах эрхгүйгээр оролцоно. Уг зөвлөлийн хуралд холбогдох албан тушаалтныг байлцуулж болно. Тус зөвлөлийн ажиллах журмыг УИХ-ын дарга баталдаг байна.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн
- УИХ-ын дарга Д.Амарбаясгалан
- УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа
- УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж
- Б.Бейсен Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
- Х.Ганхуяг Төсвийн байнгын хорооны дарга
- Б. Найдалаа Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
- О.Номинчимэг Өргөдлийн байнгын хорооны дарга
- Ц.Сандаг-Очир Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
- Р.Сэддорж Эдийн засгийн байнгын хорооны дарга
- Г.Тэмүүлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
- Д.Цогтбаатар Хууль зүйн байнгын хорооны дарга
- МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ
- АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл
- ХҮН-ын дарга Т.Доржханд
- Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр
- ИЗНН-ын дарга Б.Батбаатар
- УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж
Таслах эрхгүй гишүүд
- МАН-ын бүлгийн дэд дарга Э.Болормаа
- МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа
- МАН-ын бүлгийн дэд дарга Д.Алдаржавхлан,
- МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр
- АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин
- АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан
- АН-ын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг таслах эрхгүй гишүүд буву бүлгийн дэд дарга нар санал өгөх эрхгүй. Гэхдээ хэлэлцэх асуудлын талаар мэдээлэлтэй үлддэг болж таарч байна.
