УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх саналыг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр (2025.10.16) түүний саналыг хэлэлцээд, 100 хувийн саналаар дэмжсэн юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Намайг УИХ-ын даргын албан тушаалтай байгаа учраас шалгуулахгүй байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлсээр удлаа. Өнөөдрийг хүртэл хийсэн хэрэг, шалгуулсан асуудал надад байхгүй. Яг энэ цаг үед би бүрэн итгэлтэйгээр УИХ-ын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргаж байгаа албан ёсоор мэдэгдэж байна.
Цаашид над руу чиглэсэн гүтгэлэг, эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж, нэр төрөө сэргээх болно. Нөгөө талаас олон нийтийн өмнө ил харагдахгүй ч хөшигний ард олон үйл явдал хөвөрч байна. Ардчилал, эрх чөлөө, парламентын засаглал, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд эрсдэл ч бодитоор учирч, хүмүүс үгээ цэгнэн, бодлоо нуух хэмжээнд очжээ.
Цаашдаа монгол төрийн бүх үйл ажиллагаа хуулийн дор явагддаг байх ёстой. Иймээс хуулийг уландаа гишгэсэн, эрх мэдлийн төлөөх улайрсан тэмцэл, удаа дараагийн увайгүй үйлдэл үргэлжилж байгаад цэг тавих ёстой.
Энэ шийдвэр бол Монгол Улсын парламентын тогтолцоог эрхэмлэн дээдлэх ёс зүй, шударга ёсны төлөөх хийж буй тэмцлийн эхлэл юм.
