Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахдаа хууль зөрчиж, буруу “саналын томъёолол”- ыг ашигласан гэх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгээд байна. Энэ асуудалд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг холбогджээ. Засгийн газрыг огцруулсан УИХ-ын шийдвэр бүрэн хэрэгжих үү, үгүй юү гэсэн эргэлзээ үүнтэй холбоотойгоор үүсээд байгаа юм.
Удаан хүлээлгэсэн Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн пүрэв гаргийн өглөө 09:00 цагт хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан. Ингээд “Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, санал хураалтад оролцсон 22 гишүүний 19 нь буюу 86 хувь нь огцруулахыг дэмжээгүй. Харин 3 гишүүн буюу 13.6 хувь нь зөвшөөрсөн.
Төрийн байгуулалтын байнгын хороо 31 гишүүнтэй. Үүний олонх нь Засгийн газрыг ил шүүмжилж, огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Гэтэл яг санал хураах мөчид “огцруулахгүй” гэсэн эсрэг санал өгч, тэд саналын томьёоллоор тоглох гэж байгаагаа ил болгосон юм. “Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжих үү” гэдгээр УИХ дээр санал хураалгах болоход Засгийн газрын сайд нар болон нэр бүхий гишүүд Үндсэн хууль болон УИХ-ын тухай хууль, Дэгийн хууль зөрчих нь гэж мэдэгдэн, Үндсэн хуулийн цэцэд хандсаныг цэц хэлэлцээд, маргаан үүсгэснээ 17-нд албан ёсоор мэдэгдсэн. Хуулийн дагуу бол “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих үү” гэсэн томьёоллоор санал хураалгах байсан.
2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт
“Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасан.
1.2.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас:
Дэгийн хуулийн 101.1-д “Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж, 101.2-т “Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж, санал, дүгнэлт гарган, нэгдсэн хуралдаанд танилцуулна” гэж, 101.3-т “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна” гэж, 101.4-т “Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй” гэж тус тус заасан.
1.3.Тайлбар, үндэслэл:
- Дэгийн хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн санал, дүгнэлтийг Нэгдсэн хуралдаанд зөвхөн танилцуулж сонсгоно.
- Нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураахгүй.
- Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль болон Дэгийн хуульд заасан тодорхой томьёолол буюу “Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж байгаа эсэх” гэдгээр санал хурааж, Улсын Их Хурлын 126 гишүүний 64-өөс дээш гишүүн уг саналыг дэмжвэл Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно гэсэн байдаг.
-“УИХ-ЫН ДАРГА Х.БУЛГАНТУЯАГ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХЭМЭЭН ШАЛГАЖ БАЙНА” ГЭЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МЭДЭЭНД БИЧЖЭЭ-
Тэгэхээр хуулийн энэ агуулгаар бүр тодруулбал, дээрх Үндсэн хуулийн 43.1 дүгээр заалт, мөн 70.1 дэх заалт буюу “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслээр Үндсэн хуулийн цэц маргаан үүсгээд байна.
Үндсэн хуулийн цэцийн маргаан үүсгэсэн тухай мэдээг харвал УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай гэж үзэн шалгаж эхэлжээ. Энэ тохиолдолд түүнийг эргүүлэн татах хүртэл нөхцөл ч бүрдэж болзошгүй.
Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 9.1.4.-т “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн”, 9.3.-т “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж, Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн байна.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл түүнийг эргүүлэн татах асуудал яалт ч үгүй босох нь.
