Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалынхаа тэргүүнийг Монгол Улс 2025.10.17-нд нэгэн зэрэг огцрууллаа. Энэ бол манай улсын төрийн түүхэнд үлдэх том үйл явдал. 34 дэх Ерөнхий сайдаар 2025.06.12-нд УИХ-аас томилогдсон Г.Занданшатар 4 сар 5 хоногийн дараа хүчээр огцорч, хамгийн богино настай Ерөнхий сайдаар тодров. Түүнээс өмнө энэ амжилтыг Ж.Наранцацралт 1998.12.09-1999.07.22-ны хооронд 225 хоног Ерөнхий сайдаар ажилласнаар эзэмшиж байлаа.
Г.Занданшатар өөрийн хүсэлтээр биш, өрөөлийн шахалтаар огцорсон 10 дахь Ерөнхий сайд болж байна. Түүнийг огцруулахад хэрэглэсэн аргыг Ж.Эрдэнэбатад 8 жилийн өмнө парламент хэрэглэж байлаа. ГэхдээЖ.Эрдэнэбат 2016.07.07-2017.10.04-ний хооронд 1 жил 89 хоног засаг тэргүүлсэн юм.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр огцруулсны дараа Г.Занданшатар засаг залгамжилсан. 2021.01.25-2025.06.3-ны хооронд 4 жил, 127 хоног засаг барьж, хамгийн удаан ажилласан Ерөнхий сайдаар тодорсон Л.Оюун-Эрдэнийн араас томилогдсон Ерөнхий сайд хамгийн богино настай байх юм гэж хэн саналаа. Хамгийн богино настай Ерөнхий сайд араасаа УИХ-ын даргыг дагуулах бараан сүүлтэй байх юм гэж бүүр ч санаагүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2 гишүүнийг нэг өдөр дараалан огцруулж, энэ зөвлөлийг ганц хүнтэй үлдээсэн нь бас онцлог. Хамгийн хамгийн… гэсэн амжилтыг шинэчлэн тогтоосон, хачин сонин, бөөн дуулиантай өдрүүд үргэлжилж байна.
Хамгийн удаан ажилласан Ерөнхий сайдаар тодорсон Л.Оюун-Эрдэнийн араас томилогдсон Ерөнхий сайд хамгийн богино настай байх юм гэж хэн саналаа
Дуулиан үүгээр намжихгүй, дээд амжилт энүүхнээр зогсохгүй байж ч мэднэ. Үндсэн хуулийн цэц хэрвээ” Г.Занданшатарыг огцруулахдаа Үндсэн хууль зөрчжээ” гэсэн дүгнэлт гаргавал Засгийн газрыг огцруулсан санал хураалт хүчингүй болох, дахин санал хураах, Х.Булгантуяаг огцруулах гээд манай түүхэнд өмнө нь болж байгаагүй содон үйл явдал хөвөрнө. Тэгвэл огцорсон Засгийн газар буцаад ажилдаа орсон анхны тохиолдол болж, түүхэнд үлдэнэ. Монголын төрийн хамгийн хамгийн… жагсаалт уртсаж, шинэ амжилт нэмэгдэнэ. Тийм магадлал бий.
Харин УИХ-ын 13 дахь даргыг огцруулсан санал хураалтыг дахихгүй. УИХ-ын дарга Д.Пүрэвдорж ямар нэгэн маргаангүйгээр, Үндсэн хууль зөрчилгүйгээр томьёоллоо гарган, санал хураасан. Тэр санал хураалт бандан тас. ҮХЦ-ийн дүгнэлт яаж гарахаас Д.Амарбаясгалангийн хувь заяа шууд шалтгаална. Тэр одоо Г.Занданшатарт тэргээ тавьж өгөөд, бэрсийг нь идчихсэн гэж бодож яваа. Намын даргын тамгаа чангахан атгаад, Ерөнхий сайдын суудалд туслахаар санаж суугаа. Тийм л зорилгоор Г.Занданшатарыг унагаж, Ерөнхий сайдын суудлыг суллаж авсан. Суух суудлаа өөрийн заавраар, өрөөлийн гараар суллуулсан.
Түүнийг нь Г.Занданшатар тооцоогүй байна гэж үгүй. Тэр одоо Д.Амарбаясгалангийн эсрэг ямар нүүдэл хийх бол? ҮХЦ түүнд идүүлсэн бэрсийг нь буцааж өгөх болов уу?
“Энэ бол миний улстөрийн төгсгөл биш. Шинэ эхлэл” гэж тэр огцрохдоо зүгээр ч нэг хэлээгүйг та бид харах болно
Юутай ч тэр ҮХЦ-ийн дүгнэлт гартал Ерөнхий сайд хэвээрээ байх юм. Учир нь тухайн асуудлаар маргаан үүсгэсэн бол ҮХЦ дүгнэлт гаргатал уг шийдвэрийг түдгэлзүүлдэг. Тэгэхээр УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулсан тогтоол одоогоор хүчин төгөлдөр болоогүй, цэцийн дүгнэлт гартал автоматаар түдгэлзсэн гэсэн үг. Тиймээс ч “Засгийн газар огцроогүй” хэмээн сайд нар ярьж яваа юм.
Цэц хурдаллаа хурдаллаа гээд 30 хоногийн дотор дүгнэлтээ гаргана. Бүрэн эрхийн хугацаа нь дуустал 6 жил ажлын байр нь баталгаатай байдаг болохоор цэцийн гишүүд ажлаас халагдана гэж айдаггүй. Шүүх гэм бурууг нь тогтоож, яллаагүй л бол Зайсан дахь цагаан байшингаас хэн ч тэднийг явуулж чадахгүй. Ажлаа удаан хийлээ гэж хэн ч тэднийг баалдаггүй. Тэтгэвэрт гарахдаа хүртэл жирийн иргэдээс 20% илүү буюу цалингийнхаа 60%-ийг тэтгэвэр болгож авдаг. Гээд тооцвол цэцийн дээр үнэхээр тэнгэр л байна.
Тиймээс ч УИХ-ын гишүүдийг Төрийн ордонд хонон өнжин хуралдаж байхад, цэцийн цагаан байшин харанхуй, гишүүд нь орондоо дугжирч байв. Иймээс Засгийн газар цаанадаж 30 хоног хүлээх болж байна.
Тэр хооронд Д.Амарбаясгалан ихийг амжуулна даа. МАН-ын даргын байр сууриа баталгаажуулаад, Ерөнхий сайд болох бэлтгэлээ жин тан болгоход хангалттай хугацаа. “Энэ бол миний улстөрийн төгсгөл биш. Шинэ эхлэл” гэж тэр огцрохдоо зүгээр ч нэг хэлээгүйг та бид харах болно.
