Ж.Батжаргалаар даргалуулсан МАН-ын бүлэг хуралдлаа


УИХ дахь МАН-ын сүүлд байгуулагдсан буюу 36 гишүүнтэй бүлэг хуралдаж, Ж.Бат-Эрдэнэ даргатай бүлгийн гишүүдээ 2 цаг хүлээсний эцэст хурлаа хийжээ. Энэ хуралд 37 гишүүн оролцсон байна. Энэ хурлаараа 2026 оны Улсын төсөвт өөрчлөлт оруулж, урсгал зардлаас 10 хувь танахаар ажиллаж байгаа ажлын хэсгийн мэдээллийг сонсжээ. УИХ-ын даргын дэргэдэх хурал дээр бүлгийн хурал товлогдсон учраас бүлэг хуралдах ёстой байсан гэдэг тайлбар 37 гишүүнтэй МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалд байна. Харин Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд тависан Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг хэлэлцээгүй гэнэ. Шалтгаан нь хоригийг өнөө өглөөний байдлаар УИХ-д хараахан өргөн бариагүй байсантай холбоотой хэмээн тайлбарлалаа.

Тус хурал дээр яригдсан төсөвтэй холбоотой асуудлаар Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг мэдээлэл өглөө. “Төсвийг судлах ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт байгуулсан. Төсвийг цааш нь хэлэлцэх эсэх дээр санал хураагаад хэлэлцэхээр болсон. Тусгай шаардлагуудыг хангасан гэж үзэж байгаа. Багш, эмч нарын цалинг 10-20 мөн тэтгэврийг нэмэгдүүлэхэд 814 тэрбум төгрөг шаардлагатай байна. Энэ мөнгийг хөрөнгө оруулалтаас хасах боломжгүй. Тиймээс урсгал зардлаас хасахаар болсон. Ингэхдээ зарим зардлыг шилжүүлнэ. Ерөнхийлөгчөөс эхлээд бүх төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлаас хасна. Бид багш, эмч нартай уулзаад явж байна. Энэ долоо хоногт Төсвийн байнгын хороог хуралдуулна. Тэр хурлаас албан ёсоор ажлын хэсгийг гаргаад ажиллана” гэлээ. 

Энэ үеэр мөн Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрээр: ” Moodys агентлагаас манай зээлжих зэрэглэлийг В2+ тогтвортой болгосон. Энэ бол маш сайн үзүүлэлт. 11 жилийн дараа ийм үзүүлэлтийг олж авсан. Оюутолгой гэрээ хэлэлцээр хийх үед зээлжих зэрэглэл тогтвортой болсныг зарласан нь их сайн. Өчигдрийн байдлаар 66.3 сая тонн нүүрсийг хилээр гаргасан” хэмээсэн юм. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *