Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эр-Рияд хотноо зохион байгуулжээ.
Монголын талаас ГХЯ-ны Америк, Ойрх Дорнод, Далайн орнуудын газрын Захирал А.Ананд, Саудын Арабын ГХЯ-ны Азийн орнуудын ерөнхий газрын Ерөнхий захирал, Бүрэн эрхт элчин Нассар бин Авад бин Аль-Ганум нар тэргүүлэн оролцов.
Уулзалтаар талууд хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн талаар харилцан мэдээлэл солилцож, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй Монгол, Саудын Арабын харилцаа, хамтын ажиллагааг дүгнэн хэлэлцэв. Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах, энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтэц, боловсрол, цахим эдийн засаг, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэх, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллах талаар санал солилцов.
