Хөтлөлцөөд огцорсон 2 хамт эргэж ирэх үү?


Үндсэн хуулийн цэцийн цагаан байшин өнөөдөр хүн бүрийн анхаарлыг татсан, хачин сонирхолтой газар болж хувирна. 10 дугаар сарын 17-нд хөтлөлцөөд огцорсон Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр буцаад Төрийн ордны үүдээр хөтлөлцөөд орох эсэхийг энд шийднэ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжээгүй. “Байнгын хорооны дэмжээгүй шийдвэрийг дэмжье” гэсэн томьёоллоор УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа санал хурааж, 40 нь дэмжиж, 71 гишүүн дэмжээгүй санал өгснөөр Засгийн газар огцорсон. Үүнийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Г.Занданшатар үзэж, ҮХЦ-д хандаад байна. 2019 оноос өмнө мөрдөж байсан Үндсэн хуулиар бол байнгын хорооны саналд тулгуурлан, чуулганаар санал хураадаг байв. Х.Булгантуяа үүнийг буюу хуучин хуулийг хэрэглэжээ.

УИХ-ын дарга асан, академич Р.Гончигдорж үүнийг зөвтгөж, байнгын хороо яах гэж байдаг юм гэсэн агуулгатай тайлбар өгөв. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан, академич Н.Лүндэндорж, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С. Нарангэрэл нар Х.Булгантуяагийн томьёоллыг буруушааж, УИХ-ын гишүүдийн гаргасан саналаар санал хураах ёстой байсныг санууллаа. Академич Н.Лүндэндорж “Байнгын хорооны саналаар санал хураах тухай зохицуулалт ямар ч хуульд байхгүй. Хуулиар зөвшөөрөгдөөгүй байхад өөрсдөө дүрэм зохиож ярих, анологи хэрэглэх нь математикт байж болох ч хууль зүйд байж болдоггүй. Үүнийг зөвшөөрч өөгшүүлбэл ёстой хууль биш хүн засаглах ёс тогтоно. Үр дүнд нь дарангуйлал сүндэрлэнэ” гэж анхааруулав.

Х.Булгантуяа ингэх л гэж Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зуралгүй үлдсэн бололтой

Тэдний хэнийх нь зөв болохыг ҮХЦ өнөөдөр дэнсэлж, дээд хуулийг зөрчсөн эсэхийг тогтоож өгөх үлдлээ. Энэ маргааныг цэц маш нарийн дэнслэхгүй бол үргэлжилсэн маргаан үүсгэж, дуусдаггүй тэмцлийн үүдийг цэлийтэл нээнэ. Тэгвэл тэр хаалгыг хаах маш бэрх болно. Тийм юм гаргуулахгүйн тулд цэц 7 хэмжиж, 1 огтлох биз ээ.

Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л байдаг гэх боловч үнэндээ хөх тэнгэр биш, Үндсэн хууль байдаг. Үндсэн хуулийн дээр харин Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа мэтийн нөхөд байхыг хүсэж байх шиг байна. Үндсэн хуульт засаглалтай ардчилсан улс гэгддэг Монголд улсын мөнгө завшигсад засаглаж эхлэх үү, хууль засаглах уу гэдгийг өнөөдөр шийднэ.

Цэц юу шийдэх вэ? Үүнтэй холбоотой өөр өөр байр суурь бас гарч байна. УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд 10-р сарын 20-нд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа. УИХ 2025.10.17-ны өдөр Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоол баталж, тухайн өдрийн 14:00 цагт ёсчлон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ТГ-01/1202 дугаар албан бичгээр хүргүүлжээ. Энэ тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан юм. Энэ хориг Д.Амарбаясгаланг огцруулсан тогтоолтой ямар ч хамаагүй. Г.Занданшатарыг огцруулсан тогтоолд л хамаатай. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхээ УИХ шийднэ. Тэр болтол УИХ-ын 95-р тогтоолын үйлчлэл түр зогсоод байна. Нэг ёсондоо Г.Занданшатар огцроогүй, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч биш, Ерөнхий сайд хэвээрээ байгаа гэсэн үг.

Харин Д.Амарбаясгаланг огцруулах тогтоолтой холбоотой алив маргаан үүсээгүй. Хориг ч тавиагүй. Түүнийг огцруулсан саналыг зөв томьёоллоор хураасан учраас тэр. Гэтэл Г.Занданшатарыг огцруулахдаа ирц бүрдээгүй хуралдаанаар шийдсэн гэж Ерөнхийлөгч буруутгаад байна. Угтаа бол 111 гишүүн саналаа өгсөн хуралдааныг ирц бүрдээгүй гэж хэлэхэд хэцүү. ҮХЦ үүнийг юу гэж үзэх юм байгаа юм.

Хэрвээ ирц хүрээгүй хуралдаан гэж үзвэл Д.Амарбаясгаланг огцруулах санал хураалт бас юу болох вэ? 114 гишүүн оролцсон шүү дээ. Завсарлаад орохдоо дахин ирц авсан эсэхээс энэ нь шалтгаалах болоод байна.

Үндсэн хуулийн цэцийн цагаан байшин өнөөдөр хүн бүрийн анхаарлыг татсан, хачин сонирхолтой газар болж хувирна

АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин “УИХ-ын дарга улс төрийн намаас түдгэлздэг жишигтэй. Парламентыг аль нэг намын дарга даргалах нь Үндсэн хуулийн гажиг. Цаашид аль нэг намын дарга нь УИХ-ын дарга байж болохгүй” гэж мэдэгдсэн юм. Үүнийг горимын санал гэж хүлээн авч, Х.Булгантуяагаар удирдуулсан тухай УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тайлбарласан.

Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй 14 гишүүн бий. Тэднээс УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар уг хуралдааныг удирдуулжээ. Гэвч тэр нь дэг зөрчиж, хүчингүй болсон хууль хэрэглэж, огцорч буй хүнд үгээ хэлэх боломж олголгүй яриаг нь тасалж, илт нэг талд үйлчилсэн юм. Тэр ингэх л гэж Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зуралгүй үлдсэн бололтой.

Үүнийг нь АН-ын бүлэг эсэргүүцэж, Д.Амарбаясгалан өөрөө зөвшөөрснөөр Х.Булгантуяаг индрээс буулгаж, Б.Пүрэвдоржоор хуралдааныг удирдуулсан. Ингэхдээ 10 дугаар сарын 16, 17-ны нэгдсэн хуралдааныг Х.Булгантуяагаар удирдуулахаар захирамж гаргаснаа Д.Амарбаясгалан өөрөө гишүүдэд хэлсэн. Үүнээс үзвэл Х.Булгантуяаг эртнээс зэхжээ. Харин одоо тэр нь УИХ-ын даргын индрээс байтугай чуулганы танхимаас хөөгдөж мэдэхээр боллоо.

Хөтлөлцөөд огцорсон Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр хөтлөлцөөд эргэж ирэх юм биш биз? Тэгвэл Д.Амарбаясгалан ингэнэ гэдгээ урьдчилан тооцож, эхнээс нь алхам бүрээ төлөвлөн, огцрох өргөдлөө сайн дураараа өгч жүжиглэсэн болж таарна. Тэгвэл тэр маш аймшигтай. Огцрохдоо нүүр дүүрэн инээмсэглэн байж, эргэж ирэхээ сануулсных нь учир үүнд ч байж болох юм. Хэрвээ Г.Занданшатар  эргэж ирвэл нөгөө нь Х.Булгантуяагаа хөтлөөд явах болно. Д.Амарбаясгалан эргэж ирвэл …


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *