Амьгүй албатууд буюу нийслэлийн ИТХ


Нийслэлийн ИТХ цагтаа УИХ-ын дараа эрэмбэлэгддэг, олон нийтийн анхаарлын төвд байдаг том хурал байлаа. Лав л өнөөдрийнх шиг байгаа үгүй нь мэдэгдэхгүй, амьгүй албатууд шиг оршиж байсангүй.

Нийслэлийн ИТХ 45 төлөөлөгчтэй. Иргэдийн хурлын төлөөлөгчид Улаанбаатар хотод хийх ажлын төлөвлөгөө, төсөв мөнгийг хуваарилж байдаг, бидний амьдралд хамгийн ойр шийдвэрийг гаргах ёстой газар. Бүр урьд өмнөх хурлуудаас ялгаатай нь төсвөө өөрсдөө захиран зарцуулдаг болсон. Эрх мэдэл томрохын хэрээр гүйцэтгэх үүрэг, төсөв мөнгөнд тавих хяналт сайжирч, улмаар Улаанбаатар хот өөрчлөгдөн дэвжих учиртай баймаар. Гэвч тэгсэнгүй.

Одоогийн нийслэлийн ИТХ бүрэлдээд хоёр оны нүүр үзэж байна. Сонгуулиар МАН 40, АН 5 суудал авч, шинэ төлөөлөгч бүрдсэн. Үүнээс 27 нь анх удаа, хоёр дахь удаа 13, гурав дахь удаа 4, дөрөв дэх удаа сонгогдсон 1 төлөөлөгч бий. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 1 төлөөлөгчтэй.

Тэдний бүх байшинг арай л татвар төлөгчдийн мөнгөөр дулаалж өгнө гэж туйлшрах вий дээ

Битүү морьд олонтой, улиран сонгогдсон гишүүд цөөнтэй энэ удаагийн хурал нэг жил гаруйн хугацаанд юу хийж гийгүүлсэн бэ. Улаанбаатар хотын иргэдэд хэрэгтэй чухал ямар ямар тогтоол шийдвэр гаргасан бэ? Цахим хуудсыг нь харлаа. Албаны хэдэн мэдээнээс өөр онц зүйл үгүй. Тогтоол шийдвэрүүд нь он удаан жил болсон байх жишээний.

Хүний хөгжлийн хороо, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо, Ногоон хөгжлийн хороо, Засаглал, эрх зүйн хороо гэсэн хороотой юм. Нэрнээс нь ажвал нийслэлийг бодлогын хувьд бусад улсын томоохон хоттой дүйцэхүйц хөгжилтэй болтол өөрчлөх хэмжээний том том бүтэц, чухал чухал нэртэй.

Саяхан нийслэлийн ИТХ-ын тогтоол гарч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 100 га-г чөлөөлсөн. Улаанбаатар хотын цэвэр усны нөөцийн санд харьяалагддаг тус газраас хумсын төдийг ч хуваах эрх уг нь үгүй баймаар юм. Цэвэр усны хомсдолд орох нь цаг хугацааны асуудал болсон. Дэлхийн дулаарал эрчимжиж, томоохон хотууд зөвхөн энэ асуудлаа стратегийн чухал асуудлын тоонд оруулан, бүхий л боломжит арга хэмжээг авч байхад манайд л эсрэгээрээ. Угаасаа энд тэндээс нь өм цөм авсаар, үлдсэн жаахан цэвэр усыг маань агуулж буй тэр газарт шунах сэдэл хаанаас үүсэв.

Тэр тусмаа цэвэр усны нөөц бүхий газарт ингэж халдах нь улаанбаатарчуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой халдсан явдал

Хурлын тогтоол гарах үеэр хэд хэдэн гишүүн эсэргүүцсэн боловч олонхоороо хүч түрэн баталж орхиж. Улаанбаатарт барилга барих газар үе үеийн засаг дарга нарын буруутай үйл ажиллагааны улмаас цөөрч, бетонон ширэнгэ болсон нь үнэн. Одоо ганц үлдсэн Туул голын ай сав руугаа ханцуй шамлан дайрч байгаа юм биш үү? Бүр тэр тусмаа цэнгэлдэх хүрээлэн барих юм байх. Хотоосоо гарга л даа. Очиж очиж цэвэр усны нөөц дээрээ цэнгэлдэх хүрээлэн барихаар 100 га-гаар нь хамгаалалтын бүсээс гаргаж байгаад барилга барих хэний бизнес вэ, хэлж өгөөч А.Баяр дарга аа. Та бүхний бодлогын гол цөм нь Улаанбаатар хотыг тэлэх юм биш үү.

Тэр тусмаа цэвэр усны нөөц бүхий газарт ингэж халдах нь улаанбаатарчуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд ноцтой халдсан явдал.

Түүнчлэн нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хот агаарын бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтэц” гэсэн гурван тулгамдсан асуудал руугаа төвлөрч ажиллана. Энэ 3 том бэрхшээлээ даван туулахын тулд 24 мега төсөл хэрэгжүүлнэ” гэж тунхагласан. Тунхаг төдий байгаа гэдгийг бид бэлхнээ харж байна. Өвлийг өнтэй давахаар Хятадаас түлш худалдан авлаа. Хэдэн тэрбумаар нь зарцуулахыг зөвшөөрлөө. Айлуудын байшинг дулаалж өглөө. Бас л хэдэн арван тэрбум төгрөг зарцууллаа. Ихэнх нь зам тавьсан, хашлага сольсон талаар байсан. Үүнийг ажлаа сайн хийсэн гэж лав хэлэхгүй байх.

Бүр тэр тусмаа цэнгэлдэх хүрээлэн барих юм байх. Хотоосоо гарга л даа. Очиж очиж цэвэр усны нөөц дээрээ цэнгэлдэх хүрээлэн барихаар 100 га-гаар нь хамгаалалтын бүсээс гаргаж байгаад барилга барих хэний бизнес вэ, хэлж өгөөч А.Баяр дарга аа

Нэг удаа Чингэлтэй дүүрэгт ажиллаж байхдаа “Re-Engineering, BRT, олон түвшний уулзвар, явган хүний гүүрэн болон нүхэн гарц, камержуулалт, явган болон дугуйн зам, авто зогсоол, бусад захиргааны арга хэмжээ, боловсролын байгууллага зэрэг 10 чиглэлд анхаарч ажиллаж чадвал нийслэл түгжрэл болон утааг бууруулах чиглэлд үсрэнгүй амжилт олно” гэж хэлээд Хэвлэлийн алба нь яг энэ үгээр нь нийтэд мэдээлэл тарааж, өөрсдийнх нь хэлээр тодотгосон байна.

Төлөөлөгч эхнэрээ зодлоо. Гэтэл танай Ёс зүйн хороо таг чиг

Уучлаарай, нийслэлийн ИТХ-ын дарга, эрхэм төлөөлөгчид өө! Нийслэлийн тулгамдсан асуудал авто зогсоол бариад, захиргааны арга хэмжээ авснаар үсрэнгүй сайжирдаггүй юм аа. Төсөв мөнгөө гартаа барьсан энэ цаг хугацаанд дорвитой өөрчлөлт хийх эрх мэдэл хангалттай та нарт байгаа. Гэхдээ нэг л сулбагар, анхиагүй ажиллаж байна.

Утааг бууруулахаар зөвхөн Чингэлтэй дүүрэгт 930 гэр, 248 байшинг дулаалж өгнө. Хэн нэгэн Бат, Болдын нимгэн ханатай байшинг миний татварын мөнгөөр дулаалж өгч байгаа юм шүү. Улаанбаатар хотын иргэдийн 80 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Тэдний бүх байшинг арай л татвар төлөгчдийн мөнгөөр дулаалж өгнө гэж туйлшрах вий дээ, эрхэм төлөөлөгчид.

Аан, тийм. Саяхан гаргасан нэг шийдвэр нь цахилгаан дугуйг 10 дугаар сарын 20-ноос зогсоох тухай. Угаасаа хүйтэнд жижиг батарей нь ажиллахгүй, эд хөрөнгөө сүйтгэхээс нь өмнө эзэд нь хураагаад авчих юмыг гэнэт тогтоол гаргаж. Гэтэл цахилгаан дугуйнаас болж хэчнээн хүүхэд, залуус, хөгшид гэмтэж бэртэв. Бүтэн жил гаруйн хугацаанд бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичлээ, анхаарууллаа. Энэ бүхэнд ямар ч хамаагүй мэт таг чиг л суусан.

Тэдэнд бас шийдэх ёс зүйн маш олон асуудал байгаа. Саяхан төлөөлөгч эхнэрээ зодож, нийгэмд багагүй шуугиан тарьж, бүр прокуророос таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Гэтэл танай Ёс зүйн хороо таг чиг. Энэ байдаг л үзэгдэл биш шүү. Үсрэнгүй хөгжинө гэж хэлээд байгаа захиргааны арга хэмжээний чинь нэг хэсэг энэ төлөөлөгчид ч бас адилхан үйлчлэх ёстой юм.

,

One response to “Амьгүй албатууд буюу нийслэлийн ИТХ”

  1. Цэцэрлэгт хүрээлэнг устгах тогтоолоо цуцлахгүй бол МАН намыг дахин хотод хэзээ ч сонгохгүй байя нийслэлийн иргэдээ.Компаниуд цэцэрлэгт хүрээлэнд өөрийн хөрөнгөөр заавал тохижилт хийнэ гээд зүтгээд байсан нь газрыг нь хувааж авах л далд арга яваад байсан юм биш үү?.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *