ЗГХЭГ-ын дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ өчигдөр ҮХЦ-ийн их суудлын хуралдаанд Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Түүний байр суурийг сонслоо.
-ҮХЦ-ийн шийдвэрийг одоо УИХ хэлэлцэнэ гэж зарим гишүүн тайлбарлаж байна. Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх биш үү?
-ҮХЦ их суудлын хуралдаанаараа эцсийн шийдвэр гаргасан. УИХ-ын 2025 оны 95-р тогтоол Үндсэн хууль зөчсөн байна гэж дүгнэсэн. Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ их суудлын хуралдаанаараа дүгнэсэн бол эцсийн шийдвэр. Үүн дээр хэн нэгэн тайлбарлах эрхгүй. Үндсэн хуулийн 66, 67-р зүйлд ҮХЦ-ийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэж заасан. Үндсэн хуулийн цэц гаргасан шийдвэрээ өөрөө тайлбарлана.
-Засгийн газрын бүрэн эрх сэргэлээ гэж ойлгож болох уу?
-Үндсэн хууль зөрчиж, Үндсэн хуулийн бус аргаар албан тушаалтны дур зоргоор огцруулах асуудлыг шийдвэрлэсэн байна гэдгийг ҮХЦ 9 хүний бүрэн бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн.
-УИХ-ын дэгийн тухай хууль бол УИХ-ын өөрийнх нь асуудал. Дэгийг УИХ өөрөө тогтоодог. Цэцэд хамаагүй гэж байна.
-Монгол Улсын төрийн үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчим бол хууль дээдлэх. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаас гаргаж байгаа шийдвэр Үндсэн хуулийн дагуу, хуулийн дагуу явагдах учиртай. Үүнийг ҮХЦ маргаан хянан шийдвэрлэх явцдаа, нотлох баримт шинжлэн судлах үеэр, шийдвэртээ бас тодорхой дурдсан. Дэг бол хэн нэгний дураар тайлбарлаж, хэрэглэдэг зүйл биш. Энэ бол хууль. Хуулийг хэн нэгэн янз бүрээр тайлбарлах нь зохимжгүй.
-Дунд суудлыг алгасаж, шууд их суудлаар асуудлыг хэлэлцсэн нь өөрөө дэгээ зөрчсөн явдал мөн үү?
-Бид хууль ярьж байгаа. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль гэж бий. ҮХЦ-ийн хяналтад байдаг албан тушаалтан буюу УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, УИХ-ын даргын албан үүргийг гүйцэтгэж, УИХ-ын нэгдсэн хуралдааныг даргалах үедээ Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан үүсвэл цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан. ҮХЦ-д Монголын өндөр мэргэшсэн, шилдэг хуульчид ажиллаж байгаа. Тэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиа мөрдсөн. Үүн дээр ямар нэг маргаан байхгүй. ҮХЦ-ийн илтгэгч гишүүн өчигдөр их суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулахдаа онолын болон нотлох баримтыг шинжлэн судалсан баримтуудаа олон нийтэд танилцуулахдаа маш тодорхой дурдсан.
-УИХ-ын дэгийн тухай хууль Үндсэн хуултай зөрчилдөөд байна уу?
-Үгүй шүү дээ. Үндсэн хуулийн 43.1, 101-р зүйлд үүнийг маш тодорхой журамласан. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 101-р зүйлийг мушгин гуйвуулж, өөрт ашигтайгаар буруу хэрэглэсэн. Үүнийг ҮХЦ баталгаажуулж, тогтоосон.
-Хуулийг өөрт ашигтайгаар тайлбарлах, улстөржүүлэх явдалд цэг тавих шаардлагатай байна?
-Монгол Улсад Үндсэн хуульт эрхзүйт төр байх уу, үгүй юү гэдэг асуудал өчигдөр яригдсан. Би үүнийг эрхзүйч, хуульч хүнийхээ хувьд хэлж байна. Үндсэн хуульт ёс, эрхзүйт төрд дур зорго, албан тушаалын дураар аашлах явдал байж болохгүй гэдгийг олйгуулж, цэг тавьсан гэж ойлгож байна. Их хурлын гишүүн ч бай, сайд ч бай цааш цаашдаа төрийн захиргааны албан хаагчдад бүгдэд нь хамаатай. Хуулийг мушгин гуйвуулж, гишгэж болохгүй гэдгийг бүх хүнд ҮХЦ анхаарууллаа.
