Ерөнхий сайдын сэнтий ер бусын хүчтэй юм. Монгол даяараа харлаа, үзлээ, ойлголоо. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг огцруулснаас эхлэлтэй, Монгол ардын нам гэх нэгэн төрийн бус байгууллагын тамганы төлөөх өрсөлдөөнөөр үргэлжилсэн тэмцэл эцэстээ Ерөнхий сайд Г.Занданшатарыг хүчээр огцруулж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрөө өргөдлөө бичихэд хүргээд зогссонгүй, Үндсэн хуулийн цэц хүрэв.
ҮХЦ-ийн хуралдаан, шийдвэртэй холбоотой дэндүү олон асуулт ар араасаа урган гарч, бөөн маргаан дэгдээлээ. Үүнийг янз бүрийн хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна.
ҮХЦ ДҮГНЭЛТ ГАРГАСАН УУ, ТОГТООЛ ГАРГАСАН УУ?
ҮХЦ 2025.10.22-нд их суудлын хуралдаанаараа УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон УИХ-ын чуулганы 2025.10.17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж 08 дугаар дүгнэлт гаргалаа. Цэцийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн мэдээллээс үзвэл цэц дүгнэлт гаргажээ.
Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2.Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, УДШ-ийн ерөнхий шүүгч, улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт гаргаж, УИХ-д оруулна” гэжээ.
Их хурлын гишүүд өөрсдийнх нь асуудлыг цэц их суудлын хуралдаанаар хэлэлцэх хуультайг мэддэггүй юм байна
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3.2–т “Цэц Ерөнхийлөгч; УИХ-ын дарга; УИХ-ын гишүүн; Ерөнхий сайд; Засгийн газрын гишүүн; Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч; улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар гарсан маргааныг хянаж, дүгнэлт гаргана” гэж заажээ.
Уг хуулийн 4.31.1-т “Цэцийн шийдвэр нь дүгнэлт, тогтоол, магадлал гэсэн хэлбэртэй байна” гэсэн бол 4.31.2-т “Цэц энэ хуулийн 1З дугаар зүйлийн 1, 2, З дахь хэсэгт заасан маргааныг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргана. Мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан маргааныг дахин хянан шийдвэрлэж тогтоол гаргана. Энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан маргаан болон дунд, их суудлын бүрэлдэхүүнтэй хуралдааны явцад шийдвэрлэсэн асуудлаар магадлал гаргана” гэж заажээ.
Уг хуулийн 13.1.1-т “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр…-тэй холбоотой маргааныг хянаж, дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхдээ тогтоол гаргана” гэсэн байна.
Цэц эдгээр заалтын дагуу дүгнэлт гаргасан байна.
Иргэний өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг цэцийн гишүүн хүлээж авахаас татгалзвал, бичгээр болон цахимаар гомдол гаргаж болдог. Уг гомдлыг цэц бага суудлын хуралдаанаар буюу 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцдэг. Ингээд гаргасан шийдвэрийг магадлал гэдэг аж. Энэ тухай уг хуулийн 21.4-т заажээ.
ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ УИХ ХЭЛЭЛЦЭХ ҮҮ, ХЭЛЭЛЦЭХГҮЙ ЮҮ?
Цэц дүгнэлтээ УИХ-д хүргүүлнэ. Дүгнэлтийг УИХ хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол үндэслэлийг нь цэц их суудлын хуралдаанаар эхнээс нь дахин хэлэлцэнэ. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол цэц өмнөх дүгнэлтээ хүчингүй болгоно.
Хэрэв УИХ-ын үндэслэл батлагдахгүй бол УИХ-ын тогтоолыг хүчингүй болгож, тогтоол гаргана. Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль цэцийн тогтоол гармагц хүчингүй болно.
Энэ тухай Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн З6 дугаар зүйл.Цэцийн шийдвэрийг биелүүлэх гэсэн хэсэгт зааж өгсөн байна.
Үндсэн хуулийн 67 дугаар зүйл. “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэсэн байна.
ЦЭЦ ЯАГААД ИХ СУУДЛЫН ХУРАЛДААН ХИЙСЭН БЭ?
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйл.Маргаан хянан шийдвэрлэх цэцийн бүрэлдэхүүн “Ерөнхийлөгч; УИХ-ын дарга; УИХ-ын гишүүн; Ерөнхий сайд; Засгийн газрын гишүүн; УДШ-ийн ерөнхий шүүгч; улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх, түүнийг огцруулах болон эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх асуудлыг их суудал буюу 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.
Манай их хурлын гишүүд өөрсдийнх нь асуудлыг цэц их суудлын хуралдаанаар хэлэлцэх хуультайг мэддэггүй юм байна. “Цэц дунд суудлын хуралдаанаар энэ маргааныг хэлэлцэх ёстой байсан. Дэгээ зөрчлөө” хэмээн шуугиан дэгдээсэн гишүүд хуулиа унших хэрэгтэй дээ. Та бүхэн чинь хууль баталдаг улс. Та бүхний баталсан хуулийг цэц дагаж мөрдөж байгаа шүү дээ.
