Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч өчигдөр хуралдаж, Хөвсгөл аймгийн засаг дарга асан Ш.Идэрбаясгалан, Д.Идэрмөнх, Д.Баасанцэрэн, Х.Батсайхан нарт холбогдох хэргийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, хянан хэлэлцлээ. Хөвсгөл аймгийн засаг дарга асан Ш.Идэрбаясгалан 2022 оны 1-р сад Г гэх хүнд ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулалд 27 сая төгрөг олгосон болохыг АТГ шалган тогтоож, хэргийг нь 2024 оны 3-р сард шүүхэд шилжүүлсэн юм.
Тэдний холбогдсон гэмт хэрэг:
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, … үйлдсэн”,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс … хахууль өгөхийг шаардсан, авсан”,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс … хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд,…үйлдсэн”,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон”,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэмт хэрэгт холбогдсон юм.
Прокурорын бичсэн эсэргүүцэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв. Тиймээс энэ хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзлаа.
