Шилдгийн шилдэг чавганц нараас МАН бүрддэг


Ерөнхий сайдын суудлаа алдсан Л.Оюун-Эрдэнэ ба түүний багийнхны занаанд манай улс хэцүүдэж байна. Бүлгээрээ орж ирээд, бүхлээр нь залгих шахлаа. УИХ-ын дарга, гишүүд хүртэл түүний үгэнд автан, хөл гар нь болов. 4 жил, 127 хоног засаг барихдаа тэр юу эсийг хийснийг өнгөрсөн хавраас хойш Монгол даяараа харж байна. Ковидыг далимдуулан, тендергүйгээр, нууцаар худалдан авсан бараа материалынхаа тайланг одоо болтол танилцуулсангүй. Тавантолгойн Ончхараат, Бортолгой гэдэг 2 ордыг “Чайна-Энержи” компанид үнэгүй шахам өгчхөж. Тоочоод байвал хэр урт жагсаалт хөврөхийг бүү мэд.

Тэр бол МАН-д бий болсон үр хөврөл. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. МАН муу, муухай, бохир, ялзарсан байгаа учраас тэнд бий болж, бойжиж, төрсөн түшмэлэнцрүүд бохир байгаа юм. Хөргөгчин доторх хэрчим бяслаг муудахад, тэнд байсан бүх хүнсэнд мөөгөнцөр халдаж, хөргөгчийг хүртэл муухай үнэртэй болгодог доо. МАН яг л тийм байна.

Монголын төрд болж байгаа түмэн зовлонгийн үндсийг намууд тавилаа. Тэр дундаа МАН. Түүнийг хяналгүй давраасан АН, МАН-тай хэлхэлдсэн ХҮН ч үүнд буруутай. “Төрд бэлтгэгдээгүй, шалдир булдир хүмүүс намын төв удирдах байгууллагад орж ирснээс болоод энэ зөрчлийн эх үүсвэр тавигдаж байна” гэж Монголын ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын тэргүүн, АИХ-ын депутат Ж.Гомбожав дүгнэв. Голыг нь олсон дүгнэлт.

Л.Оюун-Эрдэнэ бол МАН-д бий болсон үр хөврөл

Намууд өнөөдөр мэдлэгтэй, чадвартай, сэтгэлтэй, хүн болсон хүмүүсээр асар их дутагдаж байна. Хүнээр хүн хийх гэж монгол ухаан бий. Хүн болсон хүнд намын дарга нар итгэл хүлээлгэх, дэмжих, албан тушаал ахиулах ёстой байтал өөрийг нь долоосон, цүнхийг нь барьсан хослолын голуудыг өргөж, дэвшүүлж, залдаг боллоо. Хүн болоогүй хүний нүдний хор гараагүй, сэтгэл цадаагүй байдаг. Тийм бирдүүд эрх мэдлийн үзүүрээс атгамагцаа авах, идэхийн агаараар амьсгалж, ард түмний өмчийг үнэгүй авах арга хайж, улсын хөрөнгө рүү уулгалан дайрдаг.

Өнөөгийн Монголд ийм л зүйл болж байна. Одоогийн төрд тийм л хүмүүс дүүрчээ. МАН хулгайлах, хумслахын дон шүглэсэн хүмүүсийг УИХ, Засгийн газар, бүх яам, агентлаг, төрийн өмчит компаниудад шургуулж, албан тушаалд тавьжээ. Тэд нь өөрсдийгөө хэмжээлшгүй эрхт хаан мэт эндүүрч, албан тушаалаа алдахгүйн тулд алив бүхнийг хийж байна. Хоорондоо бүлэглэж байна. Хуулийг дураараа цоолж байна. УИХ дэгээ өөрөө мэднэ гэж даналзаж байна. Үндсэн хууль зөрчиж байна. Засгийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авахаар оролдож хүртэл үзлээ.

Монголын төрийг ийм болгосон буруутан нь МАН. Энэ нам Монголын хөдөөг хүнгүй болгож, хүн амын 1/3-ийг Улаанбаатарт төвлөрүүлсэн. Эль хуль суманд хоцорсон хэдэн хүн ах дүүсээрээ сумын Иргэдийн хурлыг бүрдүүлдэг. 60 чавганц уралдахад, 1 нь түрүүлнэ гэгчээр тэдэн дундаас нь 1-р байр эзэлсэн нь засаг дарга, 2-р байрт орсон нь Иргэдийн хурлын дарга болдог. Тэд нь эргээд аймгийн ИТХ-ыг бүрдүүлнэ. Сумандаа түрүүлсэн чавганцуудаас бүрдсэн аймгийн ИТХ-ын гишүүдийг уралдуулаад, аймгийн засаг дарга, ИТХ-ын даргыг тодруулна. Шилдгийн шилдэг чавганц нар УИХ-ын сонгуульд оролцоно. МАН ийм л байдлаар бүрдэж, шилдгийн шилдэг чавганцуудаараа УИХ-ыг бүрдүүлдэг болоод удлаа.

МАН ийм л байдлаар бүрдэж, шилдгийн шилдэг чавганцуудаараа УИХ-ыг бүрдүүлдэг болоод удлаа

Алтан шаахай өмсөөд ч ацан майга нь арилдаггүй хойно их хурлын гишүүн болоод ч ухаан суух биш, ямар. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиа дураараа тайлбарлаж, их хурал өөрөө дэгээ тогтооно гэж даналзав. Дэг гэдэг үгэнд нь төөрөөд, тэр нь хууль гэдгийг тэд ойлгосонгүй. 2019 онд Үндсэн хуулиа өөрчилсөн атлаа түүнээс өмнөх хууль хэрэглэж, уймрав. Шинэ хууль байхад, хуучин хууль хэрэглэдэггүй гэдгийг тэд мэддэггүйгээ харуулав. Өөрсдийнх нь асуудлыг Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар хэлэлцэх хуультайг ч мэддэггүй нь илрэв. Хамгийн гутамшигтай нь “Ингэвэл Үндсэн хууль зөрчинө шүү” гэж анхааруулсаар байтал зөрччихсөн нь.

Ийм л хүмүүс төрийн эрх барих дээд байгууллагад байгаа болохоор Тавантолгой нүүрсний хулгайчтай, Эрдэнэт үйлдвэрийн агуулах бэлгэвчээр дүүрэн, Оюутолгой татварын маргаантай, төмөр зам нь хүний нүдэнд харагддаггүй, Засгийн газрын нууцаас гаргасан гэрээ нь олонд үзэгддэггүй, багш нар ажил хаяастай, цэцэрлэгийн хүүхдүүд гэртээ цоожтой байгаа юм. Энэ бүхнийг засъя гэвэл МАН эхлээд гишүүдээ зас. Зэрэгцүүлээд хөдөөг хүнтэй болго. Засахгүй гэвэл УИХ-ыг тараа!


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *