Өвөрхангайн шахмал түлшний бүтэлгүй үйлдвэрийг нэгтгэжээ


Өвөрхангай аймгийн ИТХ шахмал түлш үйлдвэрлэхээр байгуулсан “Баянтээг түлш” ОНӨХХК-ийг “Баянтээг” ХК-д шилжүүллээ. Арвайхээр сумын агаарын бохирдлын 60 хувийг бүрдүүлж буй гэр хорооллын айлуудыг сайжруулсан шахмал түлшээр хангахаар 2019 онд Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн, хоногт 120 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьжээ. Ингээд аймгийн ИТХ шахмал түлшний үйлдвэрлэлийг эрчимжүүлэхээр 2021 оны 2 дугаар сарын 9-нд “Баянтээг түлш” орон нутгийн өмчит бие даасан компани байгуулсан байна.

Уг үйлдвэр 2021 онд 462 тонн, 2022 онд 316 тонн шахмал түлш үйлдвэрлэжээ. Үүнийг Арвайхээр сумын 2 дугаар багийн 500 орчим айлд нийлүүлсэн байна. Гэр хорооллын бүх айлыг шахмал түлшээр бүрэн хангахын тулд 18.000 тонн түлш хэрэгтэй аж. Гэвч тус үйлдвэр ийм хэмжээний түлш үйлдвэрлэж чадахгүй байсан тул 2022 онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж, үйлдвэрийн олон үйлдэлт зуух, хатаалгын төхөөрөмжийг өргөтгөж, агуулах барихаар болжээ. Олон үйлдэлт зуухаа одоо болтол өргөтгөж дуусаагүй аж. Уг ажлыг гүйцэтгэгч “Блейз тек” ХХК ТЭЗҮ-ийн дагуу ажилласан гэх боловч зууханд удаа дараа гэмтэл гарч, шахмал түлш үйлдвэрлэх нөхцөл бүрдээгүй байна.

2019-2025 оны хооронд “Баянтээг түлш” ОНӨХХК-ийн шахмал түлшний үйлдвэрт Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, орон нутгийн төсөв, Баянтээг нүүрсний уурхайгаас 4.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүний 3.7 тэрбум төгрөгөөр үйлдвэр барьж, 1.2 тэрбум төгрөгийг урсгал зардалд зарцуулсан байна.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *