“Ази тивд биоаюулгүй байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд биотехнологийн аюулгүй хэрэглээг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд дэмжих нь” төслийн оролцогч талуудын анхны зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо.
Тус төслийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-гийн дэмжлэгтэйгээр Монгол, Бангладеш, Энэтхэг, Филиппин зэрэг дөрвөн улс хамтран хэрэгжүүлж байна.
Хэрэгжилтийг Бүгд Найрамдах Солонгос Улсын “Азийн биологийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг дэмжих хүрээлэн” (KIPABiC) удирдан зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь бүс нутгийн хэмжээнд туршлага солилцох, чадавх бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал санаачилга төдийгүй шинэлэг арга барил болж байгаа аж.
Төслийн гол зорилго нь хувиргасан амьд организмыг (ХАО) аюулгүйгээр шилжүүлэх, ашиглах, хадгалах, хэрэглээг зохицуулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, Картагены протоколын хэрэгжилтийг хангах, мөн үндэсний болон бүс нутгийн түвшинд чадавх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд орших юм.
Монгол Улсад уг төсөл нь хувиргасан амьд организмын эрсдэлийн үнэлгээ, илрүүлэлт, хяналт, мэдээллийн менежментийн тогтолцоог сайжруулах, төрийн болон судалгааны байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэх, түүнчлэн олон нийтийн мэдлэг, оролцоог өргөжүүлэхэд чиглэж байна.
