2023 оноос хойш цагдаагийн байгууллагаас 64 удаа эрэн сурвалжилсан оргодлыг энэ сарын 23-нд нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах …. дугаар тоот орон сууцнаас саатуулан баривчилсан байна. 33 настай, С гэх уг эмэгтэй цахим орчинд удаа дараа “Өвс тэжээл, мал, мах, түлш шатахуун зарна. Валют солино. Телеграмаар даалгавар биелүүлээд, мөнгөтэй болоорой” гэх зэрэг хуурамч зар түгээж, иргэдийг залилдаг болох нь тогтоогджээ. Тэрээр өмнө нь ял шийтгүүлж байсан аж.
Тухайн этгээд 2020 оноос хойш залилах гэмт хэргийг удаа дараа үйлдэж, одоогийн байдлаар 134 иргэнд 230 сая төгрөгийн хохирол учруулсныг цагдаагийн байгууллага тогтоосон байна. Түүнийг саатуулсны дараа орогнож байсан байранд нь нэгжлэг явуулахад арилжааны банкны 7 карт, гар утасны 13 дугаар, 4 утас илэрчээ. Уг данс, утасны дугаар, гар утсыг залилах гэмт хэргээ үйлдэхдээ ашигласан байж болзошгүй байна.
