Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах мал аж ахуйн мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа. ХХААХҮЯ-наас “Глобал Сивик Шэйринг” Төлөөлөгчийн газартай хамтран орон нутгийн мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах “Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх” сэдэвт танхимын сургалт зохион байгуулав.
Уг сургалтад орон нутгийн Малын генетик нөөцийн бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүд болон Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хяналтын улсын байцаагчдыг хамруулжээ. Энэ үеэр Малын генетик нөөцийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, малыг ялган тэмдэглэх, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, бүртгэлээр дамжуулан хүнсний аюулгүй байдлыг хангах, улсын хяналтын байцаагчид хуулиар олгосон бүрэн эрхийн дагуу хяналт шалгалтын ажлыг хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, орон нутагт мал бүртгэлийн ажлыг эрчимжүүлэхэд оролцоогоо нэмэгдүүлэх чиглэлээр хичээлүүдийг бэлтгэн сургалтаар олгов.
