Биеэ засаагүй гишүүдээ байх ёстой газарт нь буцаана уу!


Эрх мэдлийн төлөө гэдсэндээ хөлөө жийлцсэн хэдэн эрх мэдэлтнээс болоод, улс орон хэцүүдлээ. Ерөнхий сайдын эрх мэдлээ шилжүүлсэндээ, нүүрснээс олох асар их мөнгийг алдсандаа өширхсөн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэн багачуудыг цэцэрлэггүй, сурагчдыг сургуульгүй, багш нарыг цалингүй, УИХ-ыг даргагүй болгов. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг ганцхан гишүүнтэй үлдээж ч үзлээ. Засгийн газрыг бүхлээр нь огцруулж ч туршлаа. Хуулийг дураараа тайлбарлаж ч даварлаа. Үндсэн хуулийг гишгэж ч алдас хийв. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэж энэ.

Монголын ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын тэргүүн, АИХ-ын депутат Ж.Гомбожав “МАН-ын бага хурлын гишүүдийг албан тушаалаар бүрдүүлж байгаа нь их уршигтай байна. Аймгийн дарга, намын хорооны дэд дарга, сайд болсон хүмүүсийг шууд албан тушаалаар нь бага хурлын гишүүн болгож байна. Төрд бэлтгэгдээгүй хүмүүс УИХ-д олноороо орж ирсэн. Тэд намын бага хурлыг бүрдүүлж байгаа нь эцсийн эцэст ийм байдалд хүргэж байна. Үүнийг одоогийн их хурал засах ёстой” гэж анхаарууллаа.

Ерөнхий сайдын суудлаас унангуут МАН-ын тамгаа өгөх ёстой болсон Л.Оюун-Эрдэнэ өрөөлийн хүнд уг тамгыг алдахгүй, өөрийн хүнд өгөхийн тулд Д.Амарбаясгаланг турхирсан. Тэд өнгөрсөн хугацаанд МАН-ын бага хурлыг өөрсдийн хүмүүсээр бүрдүүлж, хэний ч өөдөөс сөрөхөд бэлэн болсон нь Д.Амарбаясгаланг МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэнээр тодорхой болсон юм. Энэ бол хэний ч хийж мэдэх л зүйл. Аль ч намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга тойрон хүрээлэгчдээ бий болгодог. Үүнийг буруутгахгүй. Гол нь тойрон хүрээлэгчдээ хэзээ, юунд ашиглах нь чухал. Тэд нь хэн бэ гэдэг нь гол нь.

Үхэхдээ үхэр буугаа тавихын үлгэрээр тэд баригдахдаа Монголын төрийг самраад зогссонгүй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөл толгойг алдагдууллаа

Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө баг бүрдүүлж, тийм хүмүүсийг талдаа татсан бол алга ташин дэмжинэ. УИХ-ын гишүүн Б.Жаргалан “МАН-ын даргын төлөөх тэмцэл явсаар эцэстээ төрийн хямрал боллоо. Үүний цаана нүүрсний гэрээгээ хэн байгуулах вэ гэдэг тэмцэл л өрнөж байгаа юм байна” гэж тодорхойлсон. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар Тавантолгойн нүүрснээс вагон вагоноор завшихын тулд МАН-ыг ашигласан болж таараад байна. Үхэхдээ үхэр буугаа тавихын үлгэрээр тэд баригдахдаа Монголын төрийг самраад зогссонгүй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөл толгойг алдагдууллаа.

Аав ээж нар ажил дээрээ хүүхдээ дагуулж очин, ажлаа ч тайван хийж чадалгүй, хүүхэдтэйгээ зууралдаж байна. Монголын хүүхдүүд ковидоос үүдэлтэй цар тахлаас болоод 2020-2021, 2021-2022 оны хичээлийн жилийг гэрийн хорионд сурсан эрдэмгүй өнгөрүүлсэн. Цахим хичээл нэртэй цаг нөхцөөсөн зүйлийг ойлгосон хүүхэд цөөн дөө. Уншсан зүйлээ ойлгодоггүй дэмий гонзгойнууд бий болгосноо монголчууд бид Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ (PISA)-гээр мэдэж, улс даяараа шогширсон цаг саяхан. Өнгөц харахад ковид үүнд буруутай мэт. Өнгийгөөд харвал манай улсын байгаа царай нь энэ.

Уншсанаа ойлгодоггүй сурагч үйлдвэрлэсэн үйлдвэрлэгч нь багш нар. Монголын нэгэн үеийг ийм болгосон гэмээ цайруулахын оронд багш нар улстөрчдийн тэмцэлд гар хөл болж явна. Багш, эмч нарыг ажил хаяхад турхирсан хүн нь УИХ-д сууж байгаа. С.Эрдэнэбатыг Л.Оюун-Эрдэнэ МАН-ын жагсаалтын 7-рт бичин, их хурлын гишүүн болгосон. Тэр одоо өндөр сэнтийд өргөж суулгасан ачтаныхаа ачийг хариулахаар гүйж яваа. Түүндээ эмч, багш нарыг татан оролцуулж байна. Өрсөлдөж биш, жагсаж орж ирсэн хүн жагсаал, ажил хаялт л санаачилдаг юм байна.   

Бага хурлаа ч аятайхан хийж чадахгүй, даргын сонгуулиа ч эвтэйхэн явуулчхаж мэдэхгүй энэ нам энэ янзаараа яах бол доо

Биеэ засаж чадаагүй атлаа улс төрд санаархаж, улс орон самарч яваа гишүүдийнхээ учрыг хурдан олж, гэрээ бушуу цэгцлэх хэрэгтэй, МАН! Бага хурлаа ч аятайхан хийж чадахгүй, даргын сонгуулиа ч эвтэйхэн явуулчхаж мэдэхгүй энэ нам энэ янзаараа яах бол доо. Итгэл нэг л төрөхгүй байх чинь.

Нүүрсний, тендерийн, газрын хулгайд нэр холбогдсон гишүүдийнхээ халдашгүй бүрэн эрхийг түдгэлзүүлээд, хуулийн өмнө аваачих зориг энэ намд алга. Тэднийг шүүхийн танхимд аваачвал цагаан байшингаас олон хүнийг араасаа чирэх учраас тэр. Чирэгдэх чиргүүлүүд нь өөрийгөө мэдэж байгаа болохоор чирсэн зүтгүүрээ шүүхэд тушаахгүй байна. Ийм тохиолдолд МАН цэвэршинэ гэж байхгүй.

“Авлигатай тэмцэнэ гэдэг нь намын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” хэмээн Л.Оюун-Эрдэнэ 4 жил 4 сар монголчуудын хулхин дээр цэцэг ургуулсаар, эцэстээ үнэхээр намынхаа нөхөдтэй нүүрс, албан тушаалаа булаацалдан тэмцэлдэв. Одоо Г.Занданшатар “Би хулгайтай эвлэрэх гэж, хулгайтай хамт унах гэж тэмцээгүй. Ард түмэнтэйгээ хөгжил дэвшил өөд хамтдаа босох гэж тэмцсэн. Хулгайтай эвлэрдэг хууль ёс гэж байхгүй” хэмээн мэдэгдэж байна. Ярих амархан. Ярьж ярьж эцэст нь ялархаад дуусдаг. Яг Л.Оюун-Эрдэнэ шиг.

Одоо улстөрчдийн уран үгийг сонсмооргүй байна. Улс төрийн уран мэх бас хэрэггүй. Биеэ засаагүй гишүүдээ МАН байх ёстой газарт нь буцааж, гэрээ хурдан эмхлээд, улсаа бушуу цэгцлэх шаардлагатай. Багачуудад цэцэрлэг, сурагчдад сургууль, жолооч нарт шатахуун, багш, эмч нарт 3.5 сая төгрөгийн цалин хэрэгтэй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *