“Говь” ХК-ийг ХХК болгох ажиллагааг зогсоолоо


“Говь” ХК хэлбэрээ өөрчлөн, хязгаарлагдмал хариуцлагатай компани болохоор 2025.09.08-нд шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулж Санхүүгийн зохицуулах хороо тус компанид хяналт шалгалт хийсэн юм. Уг шалгалтдаа тулгуурлан, СЗХ дүгнэлт гаргалаа.

2019 оны 5 дугаар сард “Говь” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл “Таванбогд холдингс” ХХК-иас 15 сая ам.доллар гарган “Гоёо” ХХК-ийн хувьцааг худалдан авчээ. Тухайн оныхоо 7, 8 дугаар сард “Гоёо” ХХК-ийн 101.5 тэрбум төгрөгийн зээлийг “Говь” ХК-д шилжүүлэн авсан байна. Үүний дагуу “Говь” ХК 2019-2024 оны хооронд хувьцааны төлбөрт 17.7 сая ам.доллар, зээлийн төлбөрт 106.6 тэрбум төгрөг, нийт 161.7 тэрбум төгрөгийн төлбөрийг холбогдох банк, санхүүгийн байгууллага, нэр бүхий компанид төлж барагдуулсан байна.

Дээрх шийдвэрүүдийг гаргахдаа “Гоёо” ХХК-ийн санхүү, үйл ажиллагаа, өр төлбөр, хөрөнгийн талаарх судалгаа тооцоогүй, эд хөрөнгийн эрхийн буюу хувьцааны зах зээлийн үнийг тогтоолгүй, хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээ, ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны дүгнэлтгүйгээр хувьцаа худалдан авах сонирхлын зөрчилтэй хэлцэл хийснийг СЗХ тогтоолоо. “Гоёо” ХХК-ийг нэгтгэх шийдвэр гаргаагүй боловч охин компанийн зээлийг хариуцах, шилжүүлэн авах эрх зүйн болон бодит үндэслэлгүйгээр өрийг шилжүүлэн авч төлсөн нь хууль зөрчсөн байна. Хууль зөрчсөн эдгээр үйлдлээс шалтгаалан, компанийн өр төлбөр, санхүүжилтийн зардал нэмэгдэн, сүүлийн 6 жилийн хугацаанд ашиггүй ажиллаж, ногдол ашиг олгох боломжгүй болж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдсөн гэж СЗХ үзэв.

2025.10.24-ний байдлаар Монголын хөрөнгийн бирж дээр “Говь” ХК-ийн зах зээлийн үнэлгээ 178.2 тэрбум төгрөг байв. Тус компанийн энэ оны II улирлын санхүүгийн тайлангаас үзвэл 388.7 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна.

Өр төлбөрийн хүрээнд 2019 оноос хойш ноос, ноолуурын түүхий эд бэлтгэх, тэдгээртэй холбоотой бусад эргэлтийн хөрөнгийн зориулалт бүхий төсөл, хөтөлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр нийт 228.3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Үүнээс 31.8 хувь буюу 72.7 тэрбум төгрөгийг зориулалтын дагуу зарцуулсан бол бусад зээлийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байна.

Иймд хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, компанид учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, компанийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулсны дараа хувьцааны бодит үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар дахин хийлгэхийг СЗХ-ноос “Говь” ХК-д даалгажээ.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар олгосон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах шаардлагын дагуу эдгээр асуудлыг шийдвэрлэх хүртэл буюу “Говь” ХК-ийн 10.3 хувийн хувьцааг эзэмшиж буй 25 мянга гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хамгаалагдах хүртэл тус компанийг ХК-иас ХХК болж хэлбэрээ өөрчлөх ажиллагааг СЗХ зогсоолоо.

“Говь” ХК нээлттэй хувьцаат компани учраас үнэт цаасны зах зээлийн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллээ олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх үүрэгтэй. Тус компанийн хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр хэвийн арилжигдаж байгааг СЗХ мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *