Прокурорын байгууллага 10 дугаар сарын 20-24-ний хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53912 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ. Гэмт хэргийн шинжтэй 1475 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 838 хэрэг шинээр нээж, 278 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэрэг:
– Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Г бусдын ашиг сонирхлын төлөө гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, нэр бүхий барилгын компанид тусгай зөвшөөрөл гаргуулан өгсөн, барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд гарын үсэг зурж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас 28.6 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, хахууль өгсөн Д.Г, Д.Б, В.Э нарт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
– Э.М НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
– П.И нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн.
