ЭМДЕГ-т 2025 оны гуравдугаар улирлын байдлаар гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад хэвтэн эмчлүүлэх үедээ нэмэлт төлбөр төлсөн, гаднаас эм, тариа, бусад хэрэгсэл авсан болон бусад хууль тогтоомж зөрчсөн тухай 130 гаруй гомдол, мэдээлэл иргэдээс ирсэн байна. Мөн хэвтэн эмчлүүлэх хугацаандаа гаднаас эм, тарианы авсан 2 иргэнд 2,4 сая төгрөг, хэвтэн эмчлүүлж байх хугацаанд нэмэлт төлбөр төлсөн 6 иргэнд 5.1 сая төгрөгийг эргүүлэн олгуулжээ. Илүү авсан мөнгөн дүнтэй дүйцэх 1,298,800 төгрөгийн санхүүжилтийг ЭМДС-д нөхөн төлүүлээд байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай удирдан зарцуулж, даатгуулагч иргэдэд чанартай тусламж, үйлчилгээ хүргэхийг зорьдог. Энэ хүрээнд гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, үнэлгээ хийх, мөн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд үндэслэн хяналт шалгалт зохион байгуулдаг.
Эдгээр өргөдөл, гомдлыг судалж үзээд 5 гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн гомдолд бүртгүүлж, 3 гомдлоос татгалзаж, 1 гомдлыг хялбаршуулж, 1 гомдолд зөрчлийн хэрэг нээн, ЭМДЕГ-ын төрийн сангийн дансанд 4,085,000 төгрөг төвлөрүүлжээ.
