ЭМДҮЗ: Төрөөс даах зардлыг 1 тэрбумд хүргэвэл, эмчийн цалинг 15 хувиар нэмэх боломжтой


Улсын хэмжээнд 14998 мянган эмч, 14494 мянган сувилагч байдаг гэх статистик бий. Тэгвэл эмч нар цалингаа нэмүүлэхээр жагсаж эхлээд найм хонож байна. Мөн ажил хаяхаар өнөөдрөөс бэлтгэж эхэллээ. 5 хоногийн хугацаанд  асуудлыг шийдэхгүй бол ажил хаяхаа мэдэгдээд буй. Тэгвэл эмч нарын цалинг ямар аргаар, хэрхэн нэмэх талаар ЭМДҮЗ өчигдөр хуралдлаа. Эмч нарын цалинг 15 хувиар нэмэхэд 181 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцжээ.

Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэхэд 181 тэрбум төгрөг шаардлагатай. ЭМДҮЗ-ийн 3, 4 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, суурь тарифаа шинэчлэх байдлаар үүнийг шийдлээ гэхэд Эрүүл мэндийн даатгалын сан 26.3 тэрбум төгрөгийн эрсдэл үүрэхээр байна хэмээн ЭМДҮЗ мэдээллээ.

Харин ЭМДЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Нармандах эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэх асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ.

“Эрүүл мэндийн даатгалын сан алдагдалд ороход гурван хүчин зүйл нөлөөлсөн. Үүнд орлогыг хөөсрүүлэн төсөвлөж, зарлагыг бодитоор тооцсон. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын сан 246.7 тэрбумын алдагдалд орсон. 2-рт, төрөөс даах тусламж үйлчилгээний зардал бодит байдал дээр 2-3 дахин өндөр байна. Тухайлбал: Энэ жил 800 тэрбумын тусламж үйлчилгээ үзүүлсэн. Гэтэл төрөөс ЭМДЕГ-т 300 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үндсэндээ 500 тэрбумыг улс буцаан олгодоггүй. Ийм шалтгаануур лавлагаа шатлалын эмнэлгүүдийн үзлэг, оношилгоог хязгаарласан. Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын 12 дугаар сарын төсөв 60 тэрбум. Иймд цалингаа тавьж чадахгүйд хүрсэн. Үндсэндээ дунджаар 90 тэрбум төгрөг шаардлагатай. Одоогийн энэ хүнд байдлаас гарахын тулд орон нутгийн эрүүл мэндийн төвүүдээс иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг хязгаарлаж болно. Хэрэв эмч, ажилчдын цалинг 15 хувиар нэмнэ гэвэл төрөөс даах тусламж үйлчилгээг нэмэх хэрэгтэй” гэлээ.

Ингэхдээ төр хариуцах тусламж, үйлчилгээнд улсын төсвөөс шилжүүлдэг санхүүжилтийг бодит гүйцэтгэлд үндэслэн, 316.5 тэрбумаар нэмж, 1  тэрбумд хүргэх, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 19.1.3-т зааснаар Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцах иргэдэд улсын төсвөөс төлөх  шимтгэлийг 3  хувь болгож, төсвийг нэмэх гэх мэт саналыг ЭМДҮЗ-ийн гишүүд солилцлоо. 

Эмч нарын цалинг татвар, шимтгэлээс чөлөөлнө гэв үү…

Ийнхүү эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсний нөхцөл байдал, нэмэх боломжийн талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөл мөн хуралдав. Эрүүл мэндийн салбарынхны цалинг татвараас чөлөөлөх эсвэл хойшлуулах санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. Энэ нь цалинг 3.5 сая төгрөгт хүргэтэл авч болох арга хэмжээ гэж тэд үзлээ. Гал унтраах төдий шийдвэр мэт боловч цалинг 3.5 сая төгрөгт хүргэх чадалтай болж, эдийн засаг тэлтэл авч болох арга хэмжээ юм гэсэн саналыг Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүд дэмжив. Өнөөдрийн саналыг Засгийн газарт танилцуулахад бэлдэж, нарийн тооцоог богино хугацаанд хийх юм.

Үндсэн цалинг 10% нэмэхэд 127.5 тэрбум

Үндсэн цалинг 15% нэмэхэд 201.3 тэрбум

Үндсэн цалинг 20% нэмэхэд 235.2 тэрбум

Үндсэн цалинг 30% нэмэхэд 343 тэрбум

Үндсэн цалинг дунджаар 3.500.000 төгрөг болгоход 1.3 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ.

Эдгээр хурал бүгдээрээ салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэх гарц хайж, нөхцөл байдлыг судалж, олон нийтэд ил болгох зорилготой ч зарим нь гал унтраах төдий шийдвэр болж байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *