“Кью Эс Си” ХХК Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Концессын гэрээ цуцлах тухай” 148 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг нэхэмжлэлийг энэ сарын 28-нд хянан хэлэлцээд, шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд “Засгийн газар үндэсний баялаг, төрийн өмчийг хамгаалах арга хэмжээ авч, хуулиар олгож буй эрх хэмжээний дотор төрийн өмчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах, концесс олгох шийдвэр гаргаж, концессын гэрээ байгуулах эрхийг холбогдох этгээдүүдэд олгох бүрэн эрхийг эдэлдэг бөгөөд концесс эзэмшигч концессын гэрээний дагуу шилжүүлж авсан төрийн өмчийг эзэмшиж, ашиглахдаа хууль болон гэрээг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Засгийн газар “Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцална” гэж заажээ.
Засгийн газар хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд “Концессын гэрээ цуцлах тухай” 148 дугаар тогтоол гаргасан гэж тус шүүх үзэв. Энэхүү маргаантай тогтоолын улмаас “Кью Эс Си” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна гэж шүүх дүгнэлээ. Ийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК төрийн мэдэлд үлдэж байна.
