УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахын тулд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг биечлэн гардуулахаар АТГ удаа дараа оролдсон ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн авахаас зайлсхийжээ. Иймд уг хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шуудан, харилцаа холбооны хэрэгсэл ашиглан, өмгөөлөгчид нь уг мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн тухайгаа АТГ өнөөдөр олон нийтэд мэдээллээ.
Сэжигтэн Д.Амарбаясгалан Авлигатай тэмцэх газарт одоо хүртэл болтол очихгүй байгаа аж. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, хувийг гардуулан өгнө” гэх заалт хэрэгжих боломжгүй нөхцөл бий болгожээ. Ийм аргаар Д.Амарбаясгалан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад АТГ-т хүндрэл учруулж байгаа аж.
