Эмч: 16 настай хүүхэд цус харвасан тохиолдол хэд хэд гарсан


Тархины харвалтаас сэргийлэх Дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улс 2009 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж байгаа. Үүнийг тохиолдуулан Улсын 1, 2, 3-р эмнэлгийн Харвалтын нийгэмлэг өнөөдөр сэтгүүлчдэд тархины харвалтын талаар  мэдээлэл хийлээ.

Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, зөвлөх эмч Р.Амарбаясгалан:

-Монгол улс тархины харвалтаар хамгийн өндөр орны тоонд багтаж байна. 2025 оны судалгаагаар 4 хүн тутмын 1 нь тархины харвалтаар нас барж байна. Тиймээс харвалтаас урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байх хэрэгтэй. Нүүр,ам мурийх, гар хөл сулрах, хэл ам ээдэрвэл харвалтын дохио. Ийм үед хөдөлж болохгүй. Даруй түргэн тусламж дуудах хэрэгтэй. Харвахад хүргэж байгаа шалтгаан бол буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стресс. Бид өөх тостой мах их иддэг. Үүнээс үүдэн холестерин ихсэж, судас бөглөрөн, харвалт үүсгэж байна.   

Ж.Ариунаа: Жирэмсний хордлоготой бол харвах эрсдэлтэй

УГТЭ-ийн Харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа:

-Цусны даралт ихсэх өвчин залуусын дунд өндөр байна. 16 настай хүүхэд харвасан тохиолдол ч гарсан. Бодисын солилцоо болон судасны цүлхэнгийн гажгуудаас улбаатайгаар 16-18 насны хүүхдүүд цус харвал тохиолдол бий. УГТЭ-т ийм 2-3 тохиолдол гарсан.

Цаашлаад эмэгтэйчүүд жирэмсний хордлогын үеэр харваж байна. Иймд жирэмсэн хүн суурь, архаг өвчнөө сайтар анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед агаарын бохирдол, бөөрний өвчнөөс үүдэн харвах эрсдэл нэмэгдэж байна. Судалгаагаар хүн амын 90 хувь нь харвах эрсдэлтэй гэж үзсэн. Залуусын дунд зүрхний өвчин нэмэгдсэн.
Тэр дундаа зүрхний хэм алдалт, титэм судасны хатуурал зэрэг архаг өвчин харвалтад хүргэж байгаа. Цаашлаад судас хатуурах өвчин анхаарах асуудал болж байна.

Ковидоос хойш хүмүүсийн цус их өтгөрөн, харваж нас барах боллоо гэж хүмүүс хэлдэг. Гэтэл энэ нь ковидоор өвчилсөнтэй холбоотойг баталсан судалгаа байхгүй учир өрөөсгөл ойлголт. Цус өтгөрөх олон шалтгаан бий. Харвалтаас бид сэргийлж болно. Мэдээж хооллолт, амьдралын хэв маягаа зөв байлгахад анхаарах хэрэгтэй. Иймд архи, тамхины хэрэглээ, эрүүл амьдралын хэв маягт шилжиж чадвал бид харвалтаас сэргийлж чадах юм.

Харвасан хүмүүсийн 10 хувь нь эргэж хэвийн амьдарч чаддаг. Монгол Улсын хэмжээнд тархины харвалтаар хүн нас барах эрсдэл буурсан. Бидний эмчилгээ сайжирсан ч харвасан хүнийг буруу тээвэрлэснээс болж, нас барах тохиолдол нэмэгдээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *