Хар тамхины картелуудын талаар сурвалжилдаг байсан мексик сэтгүүлчийн цогцос өнгөрсөн бямба гарагт хурдны зам дээрээс олджээ. Түүнийг хөнөөж, дэргэд нь цаасан бичсэн бичиг үлдээсэн байсан тухай түүний ажилладаг байсан хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллээ.
Амь үрэгдсэн сэтгүүлчийг Мигель Анхель Бельтран гэдэг байв. Түүний цогцос Мексикийн Дюранго мужаас Синалоа мужийн Мазатлан хот руу явдаг хурдны зам дээр хөнжилд ороосон байдалтай олджээ. Синалоа мужийг гэмт хэргийн бүлэглэлүүд удирддаг гэж “Contexto de Durango” сайт мэдээлжээ.
Хүү нь Мигелийн цогцсыг таньсан бөгөөд Мигель өнгөрсөн пүрэв гарагт ажилдаа явахаар гэрээсээ гараад эргэж ирээгүй гэнэ. Түүний цогцосны дэргэд “Дюранго мужийн ард иргэдийн эсрэг худал мэдээлэл тараасных нь төлөө” гэсэн утгатай бичиг байсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Гэмт хэргийн бүлэглэлүүд өөрсөдтэй нь орооцолдох гэсэн хүмүүст анхааруулга болгож, ийм үйлдэл хийх нь олон.
Мигель Анхель Бельтран хэд хэдэн мэдээний сайтад ажилладаг байв. Өөрийн хөтөлдөг блог, тикток хаяг дээрээ гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл тавьдаг байжээ. Гэмт хэргийн бүлэглэлд баригдаж, алуулахаасаа хэд хоногийн өмнө Мигель гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч баривчлагдсан талаар тиктокт мэдээ оруулсан байна.
Түүний ажилладаг байсан “Contexto de Durango” мэдээний сайт түүнийг нас барсанд гүн эмгэнэл илэрхийлжээ. “Мексик бол сэтгүүлчдийн хувьд хамгийн аюултай улс юм. Мигель Анхель Бельтран энэ жил Мексикт бусдын гарт амь үрэгдсэн 9 дэх сэтгүүлч болж байна” гэж “Reporters Without Borders” сайт мэдээлсэн байна.
Эх сурвалж: CNN
