Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид цалингаа 3.5 саяд хүргүүлэхээр суулт зарлаад 10 гаруй хонож буй. Суулт үр дүнгүй байгаа тул энэ даваа гарагаас эхлэн ажил хаях бэлтгэлээ хангаж байгаа талаар Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдсэн. Ийнхүү 11-р сарын 3-наас эхлэн албан ёсоор ажил хаяхаа мэдэгдээд байсан юм. Үүнд үндэслэн ажил хаялтад нэгдэхээр 30 гаруй эмнэлэг нийт ажилтны хурлаа хийжээ. Харин зарим эмнэлгүүдийн удирдлагууд ажил хаялтад нэгдэхгүй хэмээн мэдэгдэл гаргаад байна. Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн захиргаанаас үүсэж болох эрсдэлийг тооцож ажил хаяхгүй гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл энэ мэдэгдлийг хууль ёсных бус. Мөн Эрүүл мэндийн яамнаас эмч, ажилчдын эвлэлдэн нэгдэх, хамтдаа дуу хоолойгоо хүргэх Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаж, салбарын байгууллагуудын дарга нарт дарамт шахалт үзүүлж байна хэмээн үзэж Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ.
Ч.Нарантуяа Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга
“ЭХЭМҮТ-ийн гаргасан мэдэгдлийн тухайд ажилтнуудаасаа асуугаагүй. Ажил хаяхаар ажилтны хурал хийсэн эмнэлгүүдийн удирдлагуудад дарамт шахалт ирж байна. Хэрэв “Хурал хийсэн тохиолдолд албан тушаал, сандал суудалтай чинь ярина” гэж сүрдүүлж байна. Цаашлаад “Хурлаа хийхгүй шүү” гэх дарамт шахалтыг үзүүлсэн. Бид Эрүүл мэндийн яамтай маш олон удаа хэлэлцээр хийсэн ч шийдэлд хүрээгүй. Өнөөдөр эмнэлгүүд цалингийн төсөв алга. Эрүүл мэндийн салбарын төсвийг 2.2 их наяд болгож бууруулсан. Өчигдөр хэлэлцээр хийх гэж ЭМЯ-нд очсон ч нэг даргыг нь 35 минут хүлээсэн. Тэд бидний цалинг 10-15 хувиар нэмэхээр 181 тэрбум төгрөг төсөвт оруулж байгаа гэдгийг ярьсан. Өөр шийдэл байхгүй. Гарах гарцгүй учраас хэлэлцээр хийхгүй хэмээн уулзалтыг бид орхисон. Гэтэл өнөөдрөөс Эрүүл мэндийн яамнаас тэмцэл хөдөлгөөнийг боомилж байна. Эмнэлгүүд шал угаах ч угаалгын нунтаг авах боломжгүй болсон. Гэтэл хөдөлмөрлөх эрхээ хамгаалахаар тэмцэж буй эмч, эрүүл мэндийн ажилтнуудын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна. Зөвхөн цалин нэмэх асуудлыг бид хөндөөгүй. Үүнээс илүүтэй ард иргэдийн эрүүл мэнд эрсдэлд орохоор болсон. Танаж болох олон зардал байна гэх саналыг УИХ-ын гишүүд нь гаргасан. Гэтэл ямар учраас бидний хангалттай нэмж чадахгүй байгаа юм. Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын үр дүнгийн урамшуулал, илүү цаг, үндсэн цалинг нь олгохгүй байна. Улсын төсвөөс мөнгө гаргая гэж огт ярихгүй байна” гэсэн юм.
Э.Тамир: ЭХЭМҮТ-өөс гаргасан мэдэгдэл хууль зөрчсөн
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир
“Ажилтанд хуулиар олгогдсон ганц эрх бий. Энэ эрхээ эдлэх гэхээр ажилтан алба хаагчдад шууд болон шууд бус байдлаар дарамт үзүүлж байна. Бүх эмнэлгүүдийн эмчилгээ, үйлчилгээ хязгаарлагдсан. Тиймээс эцсийн арга хэмжээг авч байна. Үүнд хөндлөнгийн хэн ч оролцох эрхгүй. Бидэнд маш олон баримттай мэдээлэл ирсэн. Ажил хаялтын үед эмнэлгүүдэд гарч болох эрсдэлийг тооцож зохион байгуулалт хийж ажиллана. Тухайн байгууллага ажил хаялтад оролцох эсэхийг захиргаа гаргадаг юм биш. Ажил хаяхгүй гэх шийдвэр гарлаа гэхэд үйлдвэрчний эвлэлээр дамжуулж мэдэгдэх ёстой. ЭХЭМҮТ-д ажил хаялттай холбоотой хурал хийсэн эсэх нь тодорхойгүй байна” гэв.
М.Саранцацрал МҮЭХ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын газрын дарга
“Энэ ажил хаялтад хөндлөнгөөс нөлөөлж байна. Тухайлбал, Манай дарга нар өнөөдөр дэмжиж байсан.Гэтэл маргааш хурлаа битгий хийгээрэй” гэж хэлсэн гэх мэдээлэл бий. Энэ хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна. Ажил хаялтад орохыг хориглож байгаа нь төрийн алба хаагчийн ёс зүйн тухай хуулийн нийтлэг хэм хэмжээг зөрчсөн хэлбэр. Ийм байдал үргэлжилбэл Хүний эрхийн комисс, УИХ дахь ёс зүйн дэд хороонд гаргана. Эрүүл мэндийн яамнаас хэлэлцээр эхлүүлэх сонирхол алга хэмээн харж байгаа. Энэ ажил хаялтад хөндлөнгөөс нөлөөлж байна” гэлээ.
