Найз бүсгүйгээ хөнөөн, цогцсыг нь цементэлсэн эр шүүхээс 14 жил хорих ял сонсжээ


Найз бүсгүйгээ хөнөөгөөд, цогцсыг нь тагтан дээрээ цементээр булж нуусан 59 настай Ким гэх эрэгтэйд Өмнөд Солонгосын шүүх 14 жил хорих ял оноожээ. Ким уг хэргийг одоогоос 16 жилийн өмнө үйлдсэн байна. Энэ лхагва гарагт Кимийн гэм бурууг шүүх хурал болж, шүүх түүнд хүн амины хэрэгт нь 14 жил хорих ял, мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт нь 2 жил 6 сар хорих ял оноожээ.

Гэмт этгээд 2007 оны тавдугаар сараас 30 орчим насны Геожэ гэх эмэгтэйтэй хамтран амьдарч эхэлсэн байна. 2008 оны 10-р сард гэмт этгээд найз бүсгүйгээ өөр эртэй хамт байгааг хараад, түүнтэй маргалдаж, улмаар цохиураар зодож, хөнөөжээ. Дараа нь цогцсыг нь чемоданд хийгээд, орон сууцныхаа гадна талын тагтан дээр тавьж, гадуур нь тоосго өрөн, цементэлж нуусан байна. Гэмт хэрэгтэн тэр даруй нүүж зугталгүй, тэр байрандаа олон жил амьдарсан байна. 

Хохирогчийн цогцсыг өнгөрсөн оны 8-р сард буюу аллага болсноос 16 жилийн дараа уг байрны шинэ эзэн тагтан дээрээ засвар хийж, тоосгон өрлөгийг буулгах үеэрээ олжээ. Цементэн дээр гэмт хэрэгтний хурууны хээ болон бусад нотлох баримт байсан тул цагдаа нар 59 настай Кимийг тэр даруй олж, саатуулсан байна. 

Мөрдөн байцаалтын явцад гэмт этгээд 2024 оны наймдугаар сард 0.5 грамм метамфетамин гэдэг мансууруулах бодис худалдан авч хэрэглэсэн нь тогтоогджээ. Иймд шүүх түүнд хүн амины хэргээр 14 жил хорих ял, мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр 2 жил 6 сар хорих ял оноожээ. Цогцсыг нуун дарагдуулсан хэргийг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шүүх түүний эл хэрэгт нь ял оноож чадаагүй байна.

Эх сурвалж: The Korea Times


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *