Багш нар ажил хаяад 10 гаруй хонож байна. Сургууль цэцэрлэгийн насны мянга мянган Монгол хүүхдүүд гэртээ харах хүнгүй очих сургуульгүй гэртээ цоожлогдон үлдэж байна. Энэ нөхцөл байдал хэзээ өөрчлөгдөх талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.
-Багш нарын ажил хаялт хэзээ зогсох вэ?
-Бид ажил хаялтыг дуусгахын төлөө аль чадлаараа хичээн ажилласаар л байгаа боловч үр дүн гарахгүй байна. Өчигдөр МҮЭХ-ны Боловсрол шинжлэх ухааны салбар хорооны дарга З.Цогтгэрэлийг Ерөнхий сайдтай уулзуулж сайн тохиролцоонд хүрсэн боловч багш нарын ажил хаялт хэзээ дуусах нь тодорхой биш байна. Би Үйлдвэрчний эвлэлийн З.Цогтгэрэл даргад “удирдагч хүн шиг байгаач ээ” хэмээн хэлмээр байгаа юм. Бид байр сууриа ойртуулахын тулд хэлсэн үгэндээ байх нь тун чухал. Хэлэлцээ тун хүндрэлтэй үргэлжилж байна. Гэхдээ бид даваа гариг гэхэд ажил хаялтаа зогсоож сургууль цэцэрлэгээ оруулах шаардлагатай. Үүнээс илүү Монголын нийгмийг царцааж болохгүй шүү дээ. Дээр нь хүүхдүүдийн сурлагын хоцрогдол маш ноцтой түвшинд хүрэх нь. Багш нартаа хандаж хэлэхэд та бүхний цалингаа нэмүүлье гэсэн шаардлагыг маш сайн ойлгож байна. Нэмэх зайлшгүй шаардлага үүссэн гэдэгтэй Боловсролын яам санал нэг байгаа. Засгийн газар ч нэг байгаа. Гэхдээ хөнжлийнхээ хэрээр хөлөө жий гэж үг бий. Төсвийнхөө хэрээр асуудлыг шийдэх боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Аль болох хамгийн сайн нь нэмэхийн төлөө ажиллаж байгаа.
-Хэдэн хувиар нэмэх боломж бүрдэж байна вэ?
-Хамгийн багадаа 30 хувиар нэмэх боломж бүрдсэн. Яг хэдээр нэмэх боломж байгааг ярилцаж байна. Төсөвт байгаа тоонуудыг харж байна. 3,5 саяд багшийн үндсэн цалинг хүргэх оныг ойртуулах чиглэлээр ярилцаж байгаа. Түүнчлэн цалингийн бүтэц дээр яриа хийж байна. Өнөөдрийн багшийн цалингийн бүтцийн 50 хувь нь үндсэн цалин, бараг тэн хагас нь нэмэлт цалин дээрээ бодогддог. Үндсэн цалин өсөөд байхаар нэмэгдэл цалин дагаад өсдөг. Өөрөөр хэлбэл үндсэн цалин бол амьдралын баталгаа болох ёстой гэдэг зарчим барина. Шинээр орж ирж байгаа залуу багш нар үндсэн цалинг харж байж орж ирнэ гэдэг ойлгомжтой. Тэр тохиолдолд нэмэлт цалинг нэрлэсэн дүн рүү оруулж тооцох боломжтой. Өнөөдөр бид нэмэгдэл дээрээ баригдчхаад үндсэн цалингаа өсгөж чадахгүй нөхцөлд хүрчихлээ гэж хараад байна. Цаашдаа боловсролын салбарт үнэхээр сайн цалингийн тогтолцоо руу орохгүй бол багш огт ирэхгүй болох магадлал бий. Тиймээс ажил хаялтын асуудлыг шийдэх явцдаа асуудлыг ул суурьтай шийдье гэсэн бодолтой явж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
