Хагаралдсан 2-ыг эвлэрүүлэх, бутарсан намаа нэгтгэх үүрэгтэйгээр МАН-аас байгуулагдсан 16 хүнтэй ажлын хэсэг намаа л бодсоноос бус Монголыг бодсонгүй. Шууд албан тушаал хуваах, эрх мэдэл хуваарилах аргаар асуудлыг шийдэв. Өнөө л танил технологи, хуучны аргаа хэрэглэв. Энэ нам социал демократ үзлийн үнэр ч гаргаж чадахгүй байсаар буцаад коммунист нам болсныг энэ явдал яруу тод харуулж байна.
Намын бүлгээ зангидаж чадаагүй Ж.Бат-Эрдэнэд УИХ-ын даргын албан тушаал амлажээ. Албан ёсоор яваагүй даргын ажлыг хүчээр булааж авсан Ж.Батжаргалыг санаархсан суудалд нь тавилаа.
Албан тушаалын хотол бялуунаас хамгийн том зүсэм авахаар тэмцэлдэж буй Д.Амарбаясгалан, Г.Занданшатар 2-ыг энэ удаад бялуунаас буцвал дараагийн удаад бүтэн бялуу амласан сурагтай. Уг нь тэдний хэн хэнд нь намынх нь тамга маш чухал. Г.Занданшатар авч чадахгүй бол Ерөнхий сайдын албан тушаалаа алдаж, Д.Амарбаясгалан тэр хоёрын одоогийн байр суурь солигдоно. Хэн ч биш болж, тугал хариулан, туг барьсан үеэ дурсаж амьдрах гунигт өдрүүд Д.Амарбаясгалангийнх биш, түүнийх болно. Ядах нь ээ тэр Д.Амарбаясгалан шиг УИХ-ын гишүүн биш. УИХ-ын сонгуульд очиж очиж нутагтаа ялагдчихаад, Ерөнхий сайдын албанд Ерөнхийлөгчөөр өргүүлж тавиулчхаад, намын тамганд шунаж, намаа хагалан, улс орныг бутаргасан уршигт ял түүнд оногдоно. Хэн ийм юм хүсэх билээ дээ. Тийм ч учраас Г.Занданшатарт МАН гэх ТББ-ын тамга яг одоо юу юунаас ч илүү хэрэгтэй байна.
Тийм ч учраас Д.Амарбаясгаланд МАН гэх ТББ-ын тамга яг одоо юу юунаас ч илүү хэрэгтэй байна
Энэ тамгыг авч чадахгүй бол Д.Амарбаясгаланг хүлээж буй тавилан бүүр ч таагүй. Одоо тэр УИХ-ын дарга биш. Ихтэнгэрт амьдрахаа больсон. Их хурлын гишүүдийн дээрээс харахаа байсан. Дэргэд нь тохой нийлүүлж суудаг болсон. Гялтайх ганц юм нь тэр их хурлын гишүүн. Халдашгүй бүрэн эрхээрээ хаалт хийгээд, 2028 онтой золгоно. Л.Оюун-Эрдэнэ андтайгаа хамт ангийнхаа хүүхдүүдийг талдаа татах ажлыг 3 жил хийнэ. Төрийн 3 өндөрлөгийн 1 гэж тээр дээр залагдахаа больсон ч төрийн түшээ, түмний төлөөлөл гээд гэдийнэ. Ерөнхийдөө дажгүй. Гэхдээ түүнээс цааш бүрхэг.
2028 оны сонгуульд намын дарга нь түүнд нэр дэвших эрх, намын жагсаалт алийг нь ч өгөхгүй. Сайхан цагаа дурсаж, сулдаа ганхах цаг түүнийг хүлээж байгаа. Тийм ч учраас Д.Амарбаясгаланд МАН гэх ТББ-ын тамга яг одоо юу юунаас ч илүү хэрэгтэй байна.
Анхандаа МАН-ын тамга тэдэнд өөр зүйлд хэрэгтэй байлаа. Тэд 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуулийг төлөвлөж явлаа. Ерөнхийлөгчөөр сонгогдох дараагийн хүн нь Г.Занданшатарыг байгаасай гэж У.Хүрэлсүх хүссэн. УИХ-ын сонгуулиар хамраараа газар хатгасан түүнийг ЕТГ-ын даргаар тавьж, Л.Оюун-Эрдэнийн асар их шунал, даравч далдайсан алдаан дээр нь дөрөөлөн, Г.Занданшатарыг Ерөнхий сайд болгосон. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ баараггүй болгохын тулд тэр намынхаа дарга болох даалгавартай байлаа.
Тийм ч учраас Г.Занданшатарт МАН гэх ТББ-ын тамга яг одоо юу юунаас ч илүү хэрэгтэй байна.
Ерөнхийлөгчийн сэнтийг зүүдэлж явсан хүн Г.Занданшатар ганцаараа байсангүй. Ерөнхий сайдаар хамгийн удаан ажиллахдаа Л.Оюун-Эрдэнэ тэр албан тушаалыг санаандаа багтааж, сэтгэлдээ зурсан байжээ. Засгийн газрын тэргүүний албан тушаалаас зайлуулагдахдаа тэр дараагийн мөрөөдөлдөө хүрэх боломжоо хамт алдсан юм. Алдагдсан боломжоо дахин олж авахад нь Д.Амарбаясгалан анд нь түүнд туслах гэж оролдоод, өөрөө баларлаа.
Хэн хэн нь хэцүү байдалд орсон Н.Энхбаяр, М.Энхболд, Б.Даш-Ёндон тэргүүтэн тэднийг эвлэрүүлэхийн тулд энэ удаад ухарч, дараагийн удаад давших хувилбар санал болгожээ. МАН-ын даргын сонгуулийг их хурлаар дахин явуулах ч тэднийг нэрээ дэвшүүлэхгүй байхыг ятгасан гэнэ. Төлбөрт нь Ерөнхий сайдын эрх мэдлийг Г.Занданшатарт үлдээж, огцруулах оролдлого дахин хийхгүй байх, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэх баталгаа өгчээ. Түүний хувьд энэ бол хүссэн зүйл нь. Үүний тулд л тэр намын дарга болох гэж зүтгэсэн. Тиймээс уг саналд нааштай хандсан ч найдвартай баталгаа шаардаж буй аж.
УИХ дахь МАН-ын бүлгээс нэр цэвэр хэдэн хүнийг нэр дэвшүүлж, 2/3-ын санал авч чадсаныг нь намын дарга гэж хүлээн зөвшөөрөх юм байна. Намын шинэ дарга нь УИХ-ын дарга болно. Тэр нь Ерөнхий сайдын суудалд санаархахгүй байх ёстой. Тэгүүлэхгүйн тулд Г.Занданшатар намын даргад нэр дэвшүүлэх хүмүүсийг өөрөө нэрлэх санал тавьсан гэнэ.
Үүнийг нь харин Д.Амарбаясгалан зөвшөөрөхгүй байгаа аж. УИХ-ын гишүүн ч байж үзээгүй атлаа шууд парламентын босго алхмагцаа дарга болсон нь түүнд ахадсан гэж Ардын намын хал үзэж, халуун чулуу долоосон ах нар үзжээ. УИХ-ын дарга гэдэг том албан тушаалд хүрчхээд, түүнээс цаадхыг авахаар санаархсан түүнийг энэ удаад хоосон үлдээж, сургамж өгөхөөр МАН-ын УЗ-өөс байгуулсан ажлын хэсгийн олон гишүүн санал болгожээ. Гэхдээ бүүр ч хоосон үлдээхгүй. Х.Булгантуяаг нь парламентаас явуулахгүй. Энэ хувилбар Д.Амарбаясгаланд таалагдаагүй. МАН-ын даргын сонгуулийг их хурлаар эцэслэн шийдэхдээ элдэв будилаангүй, шударга явуулна гэдэг дээр юутай ч тохирчээ.
