Монголын аврагчид ДАШТ-ий 6-р байрт шалгарав


Гал унтраах техник спортын эрэгтэйчүүдийн 20 дахь удаагийн, эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабын Хаант Улсад 10 дугаар сарын 26-31-нд боллоо. Тэмцээнд ОХУ, Монгол, ХБНГУ, Австри зэрэг нийт 14 орны баг тамирчид оролцож, эхний гурван байрыг ОХУ, Узбекстан, Беларусь улсын баг эзэллээ. Нийслэл, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь, Увс, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдаас бүрдсэн Монгол Улсын шигшээ баг нийлбэр дүнгээр VI байрт шалгарав.

Тамирчид довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа, гал унтраах тархалт гэсэн нийт 4 төрлөөр өрсөлджээ. Монгол Улсын эмэгтэй аврагчид эл тэмцээнд анх удаа оролцсон байна. НОБГ-ын Сүхбаатар дүүргийн гамшгаас хамгаалах хяналтын улсын ахлах байцаагч, ахмад Э.Булган, 120-р ангийн тамирчин, ахлагч Г.Ануужин нар довтолгооны шат, саадтай 100 метрийн төрөлд улсын дээд амжилт тогтоолоо.

Монгол Улсын шигшээ багийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболд ахалж, ерөнхий дасгалжуулагчаар Гал унтраах техник спортын холбооны ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа С.Баттөмөр нар ажиллажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *