УИХ-ын дээр МАН заларч байна  


“УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” гээд Үндсэн хуульд бичээстэй байна. Энэ хуулийг манадаг Үндсэн хуулийн цэц нь УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөнийг тогтоосон атал МАН-ын бүлэг түүнийг авч үлдэхээр учиргүй зүтгэж эхэллээ. Дэд даргын албан тушаалаас нь түүнийг чөлөөлөөд, гишүүн хэвээр нь үлдээхээр намынх нь бүлэг зүтгэж байгаа юм.

Гэтэл Ерөнхий сайд Г.Занданшатар ҮХЦ-д гаргасан хүсэлтдээ “УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа” гэж бичсэнийг сануулъя. Цэцийн дүгнэлтэд ч “УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа” гээгүй, “УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа” гээд бичээстэй байж байна. Энэ бол Х.Булгантуяа гэдэг хүнтэй УИХ-ын дэд даргын хувиар ч, гишүүний хувиар ч хариуцлага тооцох шаардлагатай гэсэн үг юм.

Гэтэл МАН-ын бүлэг Х.Булгантуяаг Ж.Бат-Эрдэнээр солиод өнгөрөх санаатай. Хэрвээ түүнийг УИХ-ын гишүүний сонгуульт ажил үүргээс нь эргүүлэн татахгүй юм бол цэцийн дүгнэлтийг үл тоож, Үндсэн хуулийг уландаа гишгэсэн болно. Их хурал дахь АН-ын бүлэг үүнийг МАН-ын бүлэгт сануулж, гишүүнээ эргүүлэн татахыг шаардаж байгаа. Энэ шаардлагыг МАН-ын бүлэг хүлээж авалгүй маргасаар 10-р сарын 31-ний баасан гаргийн чуулган хойшлов. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэгийн хууль зөрчихгүйн тулд чуулганыг аргагүйн эрхэнд хойшлуулсан. Үндсэн хууль зөрчсөн гишүүнээ авч үлдэхийн тулд МАН ийн хуулийг уландаа гишгэж, төрийн ажлыг гацаасаар байна.

Зүй нь бол МАН-ын бүлэг түүнийг эгүүлэн татах эсэхийг шийдэх эрхийг нь УИХ-д эдлүүлэх ёстой. Х.Булгантуяаг гишүүнээр нь үлдээх үү, эгүүлэн татах уу гэдгийг уг нь МАН-ын бүлэг биш, УИХ шийдэх хуультай. Үүнийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.3, 9.4-т тодорхой заажээ. Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэн, санал, дүгнэлтийг нь нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд л болох асуудал. Хуулиар зохицуулаад өгчихсөн асуудлыг зүй ёсоор нь шийдүүлэхийн оронд МАН-ын бүлэг өөрөө бие даан шийдэхээр санаархаж, авч үлдэхээр арга саам хайж байна. Энэ бол их хурлаас дээгүүр жаалсан хэрэг.

Х.Булгантуяаг гишүүнээр нь үлдээх үү, эгүүлэн татах уу гэдгийг уг нь МАН-ын бүлэг биш, УИХ шийдэх хуультай

Хэрэв Х.Булгантуяаг эгүүлэн татвал нөхөн сонгууль явуулж таарна. Дараагийн ээлжит сонгууль болоход 1 жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол нөхөн сонгууль явуулдаггүй. Харин одоо бол 2 жил 6 сарын хугацаа үлдэж байгаа учир нөхөн сонгууль явуулах боломжтой. Нөхөн сонгууль явуулах өөр нэг үндэслэл нь Х.Булгантуяа жагсаалтаар гишүүн болоогүй, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн VIII тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон гишүүн. Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх нар уг тойрогт нэр дэвшиж, Н.Баярмөнхөөс бусад нь сонгогдсон юм. 5 мандаттай энэ тойрогт 20 нам, эвсэл 83 хүн нэр дэвшүүлсэн. Одоо дахин нөхөн сонгууль явуулбал ийм олон нам, эвсэл оролцохгүй болов уу. Тодорхой байгаа зүйл бол МАН 1 мандатаа алдаж, Баянзүрхээс сонгогдсон 3, УИХ-д 67 гишүүнтэй болно. 68-ын бүлэг 67-гийнх болно. Х.Булгантуяагийн суудлыг алдахаас айсандаа, сонгогчдоос яг одоо өөрт нь тавих муу дүнг дэвтэр дээрээ бичүүлэхгүйн тулд МАН ширэн нүүрлээд, УИХ дээр сандайлаад, Х.Булгантуяагаа авч үлдэхээр чармайж байна.

Энэ бол МАН өөрийгөө төр гэж бодож, хуулийг гууль болгож сурсны илрэл. Тус намаас их хуралд сонгогдсон, жагсаалтаар орж ирсэн гишүүд, энэ намаас өндөр албан тушаалд томилогдсон сайд, дарга нар ч өөрсдийгөө төр гэж боддог. Тийм бодолтой хүмүүсийнх нь балгаар УИХ одоо даргагүй болж, дэд дарга бөгөөд гишүүн нь Үндсэн хууль зөрчин, нам нь талцаад хуваагдчихлаа. Бага хурлаа ч балаг багатай хийж чадалгүй, төр самарч, улсыг уруудууллаа.

Энэ аймшигтай алдаа дутагдлаа засахын оронд МАН одоо УИХ-ын бүрэн эрхийг булааж авахаар оролдож байна. УИХ-ын даргын суудал эзэнгүй болоод 18 хонож байхад МАН санаа зовсонгүй. Намынхаа их хурлыг хийсний дараа УИХ-ыг даргатай болгомз гээд төрийн эрх барих дээд байгууллагын удирдлагын асуудлыг намынхаа даргын асуудлаас дорд үзэв. УИХ-ын дээр МАН заларч байна, үнэндээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *