Ганга нуурыг сэргээн, хамгаалахад 2 тэрбум 821 сая төгрөг зарцуулжээ


Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Ганга нуурыг цэвэрлэх, ширгэхээс хамгаалах 2 дугаар үе шатны 3 багц ажлыг тус аймгийн засаг даргын А/511 тоот захирамжаар томилогдсон Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс 2025.10.24-нд шалгаж, байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ. Эдгээр багц ажилд нийт 2 тэрбум 821 сая төгрөг зарцуулсан байна.

Гүний усны эх үүсвэрийг сэргээхэд 870.640.760 төгрөг зарцуулжээ. Үүгээр Ганга нуур орчмын гидрогеологийн нарийвчилсан зураглал хийж, Гангыг тэтгэж буй булгуудын тэжээлийн бүсийн хил заагийг судлан тогтоон, зураглал хийсэн байна. Булгуудын усыг нууранд хүргэх суваг байгуулах техникийн шийдлийг гаргаж, Оргих булгаас Ганга нуур хүртэл явган зам тавьжээ. Гангыг тойрсон 21 булгийн усанд тогтвортой изотоп (2H, 18O)-ийг шинжилж, Дэлхийн хур тунадасны изотопын өгөгдөлтэй харьцуулсны зэрэгцээ цацраг идэвхт изотоп (3H)-ийн шинжилгээгээр булгуудын насыг тодорхойлжээ. Түүнчлэн Ганга нуурын тухай судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг нэгтгэн, ном хэвлүүлсэн гэнэ.

Гангыг цэвэрлэх, ширгэхээс хамгаалахад 1.354.730.080 төгрөг зарцуулав. Үүгээр тус нуурын эргийг салхины элэгдэл, элсний нүүдлээс хамгаалах механик хамгаалалт хийж, ГН-2 дугаартай хайгуулын цооногийг ашиглалтын цооногт шилжүүлэн тоноглож, ГН-2 худгийн усыг нуур луу татсан шугамд холбожээ. Үүний үр дүнд нуурын ус зохиомлоор сэлбэгддэг болж байна. Цооногт суурилуулсан тоног төхөөрөмжийг хүйтний улиралд хөлдөөхгүй байх үүднээс гадуур нь барилга барьсан аж.

Хүрээлэн буй орчныг нөхөн сэргээх, ойн төгөл байгуулах ажлын төсөв 595.850.000 төгрөг. Гангын гадуурх хашаанаас 20 м зайд нуурыг тойруулан 19 мянган мод суулгаж, модны нүх бүрт дуслын усалгааны систем хийжээ. ГН-2 худгаас дуслын усалгааны систем хүртэл 650 метр урт, 75 мм өргөн төв шланк татсан гэнэ.

Оргих булаг руу эко хавтангаар 300 м урт, 1.5 м өргөн явган хүний зам тавьсан байна. 4×5 хэмжээтэй модон сүүдрэвч, 1.5 м урттай 2 сандал байрлуулахад уг мөнгийг зориулсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *