Христийн шашны “Шинэ тэнгэр газар” урсгалд орж, хохирсон иргэдийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хохирогч:
-Энэ урсгалынхан гудамжинд зогсож, иргэдийг “Англи, солонгос хэлний үнэгүй сургалтад хамруулна”, “Виз гаргуулахад зөвлөгөө өгнө” гэж худлаа ярьж, шашны урсгалдаа оруулдаг. Сүмдээ элсүүлэхдээ итгэгчийн орлогын эх үүсвэр, зээл, ар гэрийн байдал гэх мэт хувийн дэлгэрэнгүй мэдээллийг нь авдаг. Ингээд зогсохгүй гэр бүлийнхээ гишүүдийг “Шинэ тэнгэр газар-т нэгтгэхийг ятгадаг. Өргөл барьц гэж сар болгон мөнгө авдаг. Манай ээж гэхэд сард 70 мянган төгрөгийн өргөл өгдөг гэж байсан. Нэгэн хохирогч эмэгтэйн нөхөр сүмдээ сар бүр 130 мянган төгрөг өгдөг гэсэн. Эл сүмд дунджаар 12 мянган иргэн байдаг.
Сүмдээ хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадваргүй, 16-гаас доош насны хүүхдүүдийг элсүүлдэггүй. “Шинэ тэнгэр газар”-т итгээд хохирсон хүмүүсийн фэйсбүүк групп бий. Энэ группт хүмүүс дандаа нэрээ нууцалж бичдэг. Учир нь бүгд айдастай байгаа. Ар гэр, хамаатан садан гээд бүх мэдээлэл нь “Шинэ тэнгэр газар”-т бий. “Яагаад хувийн мэдээллээ өгсөн юм бэ” гэхээр “Угийн мод гэдэг шиг агийн мод болгож, хамгаалалтдаа авдаг” гэж тайлбарладаг.
Өнөөдөр надтай хамт хэвлэлийн бага хурал зарласан эгчийн ээж нь 70 настай. Нэг итгэгчээ сүмд татаж оруулаагүйгээс болж, ээжийнх нь зүрх муудаж, эмнэлэгт хэвтсэн. Тиймээс энд ирж чадаагүй. “Та нар бурхнаа хуурах юм бол бурхан таныг хуурна” гэж номлодог. Сүмд итгэдэггүй хүн бүрийг сатан гэж ойлгуулдаг. “Та яагаад өргөлөө өгөхгүй байна” гэж үргэлж дарамталдаг.
Өөр нэг хохирогч:
-“Итгэгчид 900 насална. Хүүхдүүдээ хамгаалалтад авахгүй бол сатан болно. Та нар заавал нэгдэх ёстой” гэдэг. “Өнөөдөр ээжийнх нь ажил бүтсэн. Бурхан надад тусаллаа. Өнөөдөр бурхан надад тусалсангүй. Чиний дотор 7 сатан байна” гэх мэтээр ярьдаг. Миний ээж биднийг хүүхдээ биш, зүгээр л сатан гэж хардаг болсон. Залуучуудыг Америк явах шаардлагагүй. Манайд сурах юм бол бараг л Харвардын дипломтой болсон гэсэн үг гэж ятгаж, сүмдээ оруулсан байдаг. “Шинэ тэнгэр газар”-т маш олон хохирогч бий.
