Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн даатгалын сангийн өр, төлбөрийн шалтгаан, нөхцөлийг судалж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, цаашид тус сангийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Бямбацогт ахалсан. Тэгвэл энэхүү шалгалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
С.Бямбацогт: Ханиадтай хүнийг хатгаатай, хавдаргүй хүнийг хавдартай гэж оношилж, хуурамч нэхэмжлэл явуулдаг нь тогтоогдсон
ЗГХЭГ-ын дарга С.Бямбабацогт: “Эрүүл мэндийн даатгалын санг эмчлэх, эрүүлжүүлэх цаг нь болсон. Эрх зүйн орчин шинэчлэгдсэн ч даатгалын сан дампуурлын ирмэгт байна. Эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон. Эрүүл мэндийн даатгалын сан 2020 онд 2.6 тэрбум, 2021 онд 264 тэрбум, 2022 онд 218 тэрбум, 2024 онд 316 тэрбум өр төлбөр үүссэнийг улсын төсвөөс бүрдүүлж төлж байгаа. Яагаад алдагдалтай ажилласан талаар шалгалт хийхэд эмнэлгүүд хязгааргүй санхүүжилт олгосон нь сан доголдох нэг шалтгаан. ЭМДҮЗ чиг үүргийнхээ хүрээнд ЭМДЕГ-ыг хянаж чадаагүй. Тухайлбал, 2024 онд зөвхөн нэг иргэн 8 удаа эмнэлэгт хэвтэж 118 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. Мөн дахин нэг иргэн жилд 346 удаа амбулотароор үзүүлж, 12 сая төгрөгийн оношилгоо шинжилгээ хийлгэсэн. Цаашлаад нэг иргэн 61 удаа 63 сая төгрөгийн эмийн хөнгөлөлт авсан гэх мэт ноцтой хяналт алдагдсан нөхцөл байдал тогтоогдсон. Ийм нөхцөл байдал үүссэн байхад ЭМДҮЗ хянаагүй. ЭМДЕГ эмнэлгүүдтэй 2024 онд гэрээ хийхдээ ямар ч тооцоолол гаргаагүй. ЭМДЕГ-т ирсэн нэхэмжлэл маш хангалтгүй. Үндсэндээсар бүр нийт 2.1 сая нэхэмжлэл ЭМДЕГ-т хянуулахаар ирдэг ч мөнгөн дүнгийн ердөө 35 хувьд хяналт хийдэг.Тухайлбал, 2024 онд 17 сая нэхэмжлэл ирэхэд 105 мянга нь зөрчилтэй. Энэ ердөө гурван хувь нь. Эмнэлгүүдийн дарга нар Эрүүл мэндийн даатгалын санг хуурамч нэхэмжлэл үүсгэж тонодог байдал газар аваад байна. 2023-2025 оны нэхэмжлэлийн хяналтаас 230 мянган зөрчил алдаа илэрсэн. Гэтэл үүнд 730 нь завших зөрчил байсан. Ханиадтай хүнийг хатгаа авсан, хавдаргүй хүнийг хавдартай гэж эмнэлгийн тусламж үзүүлж илүү их зарлага гаргадаг нь тогтоогдсон. Иймд ЭМДЕГ-т хууль хяналтын байгууллагаас шалгалт оруулна. Үүнээс болж эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх асуудал хязгаарлагдаж байна. Эмнэлгүүд аль болох иргэдийг эмнэлэгт хэвтүүлж илүү зардал гаргахыг урьтал болгож байна” гэсэн юм.
ЭМДЕГ-ын шинэ даргаар Ц.Батбаатарыг томиллоо

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн
“Ковидын үед ирсэн нэхэмжлэлд хязгаарлалт хийгээгүй, хяналтгүй байснаас өнөөдрийн энэ алдагдал үүссэн. Ингээд 2025 онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг архаг, цочмог, төлөвлөгөөт гэсэн гурван төрөлд гэрээ хийдэг болсон.Гэвч гэрээн дээр хулгай хийж байгаа тохиолдол гарч байна. Гэрээний дүнг өөрчилж байна. Архагийн дүнг ахиулж, цочмогийн дүнг багасгаж байна.Цочмогийн хязгаарын багасгаж байна” хэмээв.
Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар тус сангийн санхүүгийн харилцааг эрүүл болгох, өр төлбөрийг барагдуулах, хөрөнгө завшсан байж болзошгүй этгээдүүдийг шалгуулах үүрэг даалгаврыг ЭМДЕГ-ын шинэ дарга Ц.Батбаатарт өглөө.
