Багш нартай барьцсан эмч нараа Г.Занданшатар яах юм бол?


Цалингаа чамласан багш нарыг улс төрийн бужигнаан дундуур МҮЭХ ажил хаялтад турхирч, улстөрчдөд хүчээ үзүүллээ. “Огцрох амархан” жагсаалыг огт тоохгүй явсаар огцорсон Л.Оюун-Эрдэнэ шиг алдаа гаргасангүй, Г.Занданшатар. Уг нь түүнд өрсөлдөгчид нь тийм л санаатайгаар ийм дэгээ тавьсан биз. Ялаа батгана гэж доромжлох нь байтугай яаж ийгээд асуудлыг шийдлээ.

Гэвч түүнээс авах шалгалт үүгээр дууссангүй. А хувилбарыг бодож дуусмагц нь залгуулаад В хувилбарыг гаргаад ирэв. Харсаар байтал багш нар 3 долоо хоногт асуудлаа шийдүүлж, дараа жилийн намар гэхэд 2.8 сая төгрөгийн цалин авахаар болов. Ажил хаяна гэж анх айлгахад нь Засгийн газар сайд, дарга нарын төсвийг 10% танаж байж, 2026 онд цалинг нь 15%-иар буюу 300 мянган төгрөгөөр нэмэхээр болсон ч багш нар түүнийг нь голж, 100% нэмэхийг шаардан ажил хаясан. Тэгээд эцэст нь 76%-иар нэмүүллээ. 2027 оны эхний сараас хүссэн 3.5 саяа авахаар боллоо. Энэ бол асар том амжилт.

Үүнд атаархсан эмч нар энэ мэдээг сонсмогцоо ажил хаялтаа өргөжүүлж, Сүхбаатарын талбай дээр суулгаж байсан цэнхэр халаадтай хүмүүсээ улам олон болгохоор шийдэв. Тэдэнд ч Засгийн газар 15%-ийн нэмэгдэл санал болгосон. Тэгсэн ч түүнийгээ чамлав. Эмч нар ч 3.5 сая төгрөгийн цалин хүсэж байгаа. Наанадаж бас багш нар шиг 76%-ийн нэмэгдэл авч салах нь тодорхой.

Ажил хаяж амташсан багш нар араасаа ингээд уртаас урт сүүл дагуулна даа. Засгийн газар үүнд бэлэн үү?

Одоо Г.Занданшатар эмч нарын цалинг яаж нэмэх юм бол? Авдрын ёроолоос нь атга гурил олдох болов уу? Албан тушаалтнуудын завшсан мөнгө, идсэн нүүрснийх нь хэмжээг сонсвол шанага байтугай сав гурил олдох юм билээ. Үүнийг ойлгосон учраас л багш, эмч нар ажил хаяж байгаа. Эхлэлийг нь хэдэн улстөрч тавьсан байж болох ч улс төр ойлгохгүй, урдхаа яая гэж яваа эгэл ажилчид бол цалингаа нэмүүлэхийн тулд ажил хаялтад хэн нэгний албадлагагүйгээр нэгдсэн.

7 сая төгрөгийн цалинтай сайд 1.5 сая төгрөгийн цалинтай ажилчны амьдралыг мэдэхгүй. Ажил хийхээ больчхоод бүтэн жил цалингаа авдаг гишүүн авдаг хэдийгээ ахиулахын тулд илүү цагаар ажиллахын зовлонг ойлгохгүй. Ирцээ бүртгүүлдэггүй, ирсэн ч ирээгүй ч цалингаа цагтаа бүтэн авдаг дарга түгжрэлд хоцорсон 1 минутын цалин хасдаг атлаа илүү ажилласан 10 минутын цалин нэмдэггүй тогтолцоог мэдэхгүй.

Тиймээс багш, эмч нар ажил хаяж байна. Багш нарын цалинг яаж ийгээд нэмлээ. Эмч нарын цалинг одоо яаж ийгээд шийдэж таарна. Араас нь нийтийн тээврийнхэн, соёлын салбарынхан гээд цувбал яана. Төрийн байгууллага бүрт үйлдвэрчний эвлэл бий. Тэд бүгд ар араасаа цуваад, ажил хаях дэг ээ. Ажил хаяж амташсан багш нар араасаа ингээд уртаас урт сүүл дагуулна даа. Засгийн газар үүнд бэлэн үү?

Намынхаа үүсгэсэн, өөрийнхөө оролцоотой замбараагүйтлийг Г.Занданшатар цэгцрэх хөдөлгөөнд хэрхэн оруулахыг Монгол даяараа харж байна

Г.Занданшатарыг тоонд хэр сайныг, мэргэжлийн эдийн засагч мөн эсэхийг төрийн албан хаагчид шалгахаар шийджээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг 10%-иар танаж байж, багш нарын цалинг 15%-иар нэмэх болсноо их л сэтгэл гонсгор мэдээлж байсан сайд нар одоо бүсээ бүүр ч их чангалах болж дээ. Багш нарын цалинг нэмэхийн тулд боловсролын, эмч нарын цалинг нэмэхийн тулд эрүүл мэндийн салбарын төсвийг танаж байгааг сайд нар сүрдүүлэх маягтай мэдээлж байлаа.

Гэхдээ тэд тоогоогүй. Эмнэлэг барина уу, байна уу эмчид падгүй. Сургууль, цэцэрлэг барина уу, үгүй юү багшид хамаагүй. Дансанд нь орох цалин нэмэгдсэн байх нь чухал. Сургууль ямар багшийнх биш. Тэнд 1 ангид 50 хүүхэд шахцалдах нь багшид хамаагүй, цалин харин хамгийн их хамаатай.   

Тиймээс амласан мөнгөө өгөх, удахгүй амлах мөнгөө хаанаас олохоо Ерөнхий сайд бодох хэрэгтэй болж байна. Монгол Улс ийм байгаа нь, ийм болсонд тэр ч бас буруутай. Түүний оролцоо ч үүнд байгаа. Тэр шинэхэн сонирхогч, залуу улстөрч биш.

Г.Занданшатарыг тоонд хэр сайныг, мэргэжлийн эдийн засагч мөн эсэхийг төрийн албан хаагчид шалгахаар шийджээ

Г.Занданшатар зах зээлийн онолыг монголчуудад ойлгуулахаар чармайж байсан хүн. Банкны салбарт ажиллаж үзсэн, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Гадаад харилцааны сайд, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын дарга, ЕТГ-ын даргын албан тушаал хашиж явсан, УИХ-д 4 удаа сонгогдсон. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, намын ажлыг андахгүй, намынхаа гишүүдийг андуурахгүй болсон хүн. Төсвийн зарлагын дэд хорооны дарга хийж ч үзсэн. Энэ их туршлага нь ийм л үед хэрэг болох учиртай.

Зөвлөлдөх ардчиллыг санал болгодог энэ хүний багш нартай хийсэн хэлэлцээ нь нэлээд өндөр үнэтэй боллоо. Одоо эмч нартай хийх хэлэлцээ нь хэр үнэтэй тусах бол? Эзэмшсэн мэргэжил, сурсан эрдэм, хуримтлуулсан туршлагаа одоо л гаргах цаг. Монголын улс төрөөс нийгэмд шилжсэн энэ замбараагүй байдлыг МАН бий болгосон. Намынхаа үүсгэсэн, өөрийнхөө оролцоотой замбараагүйтлийг цэгцрэх хөдөлгөөнд хэрхэн оруулахыг Монгол даяараа харж байна. Цэгцрэх хөдөлгөөнийг намаасаа эхлэх болж байгаа нь зүгээр ч юм уу.   


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *