Иргэдтэй хамгийн ойр ажилладаг хэсгийн байцаагчийн ажлын нэг өдрийг сурвалжиллаа.
Ж.Мөнх-Эрдэнэ 8 жилийн турш цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа. Харин хэсгийн байцаагчаар ажиллаад 3 жил болжээ.
Түүний нэг өдрийн ажил эрүүлжүүлэгдсэн иргэдээ хүлээн авч бүртгэн, нөхцөл байдлын үнэлгээ хийж, ар гэрт нь хүлээлгэж өгөхөөс эхэлнэ. Хариуцан ажилладаг хорооноос нь 11-р сарын 3-4-нд шилжих шөнө нэг иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ. Тэр нь 40 орчим насны эмэгтэй. Түүнтэй холбоотой гэр бүлийн хүчирхийллийн 8 удаагийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэсгийн байцаагч түүнээс яагаад архи уудгийг нь асуухад “Зүгээр уумаар санагдаад уудаг” гэв. Тэр 16 настай хүүтэй ч хүү нь ээжээсээ зугтаан, ажил хийж, орон гэртээ ирэн очин байдаг гэсэн юм.
Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Тэгвэл энэ мэт ар гэрийн хараа хяналт сул, аав ээж, асран хамгаалагч нарын ухамсаргүй байдлаас хүүхэд гэмт хэргийн хохирогч, эсвэл холбогдогч болох нь түгээмэл. Тэр дундаа өсвөр насны охид ээж болох явдал нийтлэг болжээ. Үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хараа хяналттай байлгахад голлон анхаардаг гэдгийг Ж.Мөнх-Эрдэнэ онцоллоо.
Түүний ажлын өрөө хорооны подвалд байрлана. Тэд 5-6-уулаа хороонд ажилладаг. Тэр эрүүлжүүлэгдсэн иргэдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч, үргэлжлүүлэн эрсдэлт бүлгийн айлуудаар явна. Орон сууцны хороололд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хоногт 5-6 бүртгэгддэг бол гэр хорооллын нэг хороонд энэ тоо хоёр дахин их байдаг гэсэн юм.
Үр хөндөлт хийхийг хойд аав нь яагаад эсэргүүцэв?
Хойд эцэгтэйгээ таардаггүй 16 настай охин гадуур хоног төөрүүлдэг ажээ. Төрсөн ээж нь байдаг ч охиноо огт хайхардаггүй. Охин хэд хэдэн удаа 108 дуудан, хамгаалах байранд очиж байжээ. Тэр нэг мэдэхэд жирэмсэлчихсэн байв.
Хорооны хамтарсан баг үүнийг мэдэж, охины ар гэрийнхнийг дуудан уулзахад хойд аав нь “Хүүхдийг нь төрүүлэх ёстой” гээд арга хэмжээ авахуулаагүй гэдэг. Хамтарсан багийн ажилтнууд охинд үр хөндөлт хийхийг хойд аав нь эрс эсэргүүцсэнийг гайхан, хардаж эхэлжээ. Охин хэнтэй хавьтсан талаараа огт ам нээгээгүй гэнэ. Охиныг хойд аав нь хүчиндсэн байх магадлалтай хэмээн хардаж байгаагаа хамтарсан багийнхан онцоллоо. Эсвэл охиныг гэртээ ганцаараа байхад аав, ээжтэй нь нийлдэг, очих газаргүй хүмүүс хүчиндсэн байж болох талтай аж.
Уг охин 7-р сарын сүүлчээр төрсөн ч “Хүүхдэдээ дургүй. Өсгөхгүй. Хүнд өргүүлнэ” гэх мэтээр ярьж байжээ. Харин нэг л өдөр охин цагдаагийн байгууллагад “Хүүхэд маань унтаад сэрээгүй” гэсэн дуудлага өгчээ. Хамтарсан баг уг охиныг төрүүлсэн хүүхдээ хөнөөсөн байж болзошгүй хэмээн хардаж байна. Шүүх шинжилгээний дүгнэлт “Хүүхэд нь бүтсэний улмаас нас барсан” гэж гарчээ.
Хүүхдүүд нэгнийгээ уруу татан, буруу зам руу хөтөлж байна
Уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Хамтарсан багийнхны орсон айл бүрт эзэнгүй хүүхдүүд хүйтэн гэрт хөнжилдөө хэвтэж байв. Аав ээж нь хаачсаныг асуухад хүүхдүүд мэдэхгүй байлаа. “Ажилдаа яваад ирээгүй”, “Хонож ажилладаг” гэсэн хариу цөөн сонсогдов.
Гэр хорооллын хаа нэгтээ түлшгүй, хоолгүй, ядарсан, даарсан, хайр халамж үгүйлсэн хүүхдүүд байх нь олширчээ. 10 настай хүү 3 настай дүүтэйгээ харгалзах хүнгүй, хүйтэн гэрт аав ээжийгээ ирэхийг хүлээж сууна. Тэдний гэрээр орон гэргүй хүмүүс орж гардаг тул тэд эрсдэлд орох магадлал өндөр юм байна. Ингэж эзэнгүй үлдсэн хүүхдүүд архины хамааралтай хүмүүсийн өгөөш болох эрсдэл өндөр аж. Тиймээс хүүхдүүдийн аав, ээжийг олж тогтоох ажлыг эхлүүлнэ.
Өсвөр насныхан нэг нэгнийгээ уруу татаж, нэгнийдээ бөөгнөрөн амьдарч байгаа ч тохиолдол байна. Эрсдэлт бүлэгт тооцогдох өсвөр насны охины гэрээр ороход ээж нь гэх эмэгтэй хөнжил нөмрөн сууна. Хэсгийн байцаагч “Та хэзээ ирэв” гэхэд “Энэ байшинг зарна гэхээр нь би ирсэн” гэлээ.
Ж.Мөнх-Эрдэнийн хэлснээр “Энэ эмэгтэй охин нь эрсдэлд ороод, дуудахаар ирдэггүй” гэсэн юм. Хүүхдээ 2-рт, эд хөрөнгийг 1-рт тавьдаг энэ эмэгтэй 20 насаар ах хүнтэй сууж, охиноо хойд эцгийн гар харуулжээ. Өөрөө байранд амьдардаг. Охиноо огт тоодоггүй. Тиймээс охин нь хойд эцгээсээ холддоггүй, байранд ээжтэйгээ байхыг хүсдэггүй гэнэ. Хойд эцэг нь өдөр бүр ойр хавийн элдэв хүн гэртээ цуглуулдаг. Охин ч найзуудтайгаа хамт хойд аавтайгаа нийлж, архи уудаг гэх яриа ч хамтарсан багийнхны дунд үүслээ.
Тэр охиноос гадна тэнд 14-16 насны 2 охин байв. Хэсгийн төлөөлөгч Ж.Мөнх-Эрдэнэ тэднийг энд юу хийж байгааг тодруулахад “Ээж, аав хөдөө яваад ирнэ гэсэн. Ирэх хүртэл найзтайгаа байж бай гэсэн юм” хэмээн хариулав. Тэд нийлэн, машины толь хугалах, хулгай хийх зэрэг хэрэгт холбогддог гэнэ. Ихэвчлэн машин угаалгын газарт ажиллаж, мөнгө олдог. Ингэж олсон мөнгөөрөө архи авсан удаа ч гарчээ. Эцэг эхийн хариуцлагагүйгээс хүүхэд хүмүүжлийн засаршгүй доголдолтой болж байгаагийн бодит жишээ нь энэ.
Өсвөр насны охид жирэмсэлж, амаржсан тоон мэдээллээс үзвэл…

Хөхөө шиг эцэг эхчүүдийг хариуцлагатай болгох талаар бодлого боловсруулах шаардлага байна.
