Унгар улсын Будапешт хотод Хүннү судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Унгарын Нийтийн соёлын өвийн агентлаг, Унгарын Үндэсний музей хамтран зохион байгуулж буй “Евразийн иргэншлийн үүсэл ба салбар хоорондын хамтын судалгаа-Археологийн соёлын сүлжээ тэдгээрийн харилцан нөлөөлөл” олон улсын хурлыг Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун нээж “Хүннүгийн судалгааны хамгийн томоохон дурсгалт газар нь Монгол улс. Сүүлийн 100 жилд хийгдсэн судалгааны үр дүнг Чингис хаан үндэсний музейд тавьж, Дэлхий нийтэд сурталчилж байна. Тус музейгээс сүүлийн жилүүдэд Хүннүгийн томоохон судалгааны ажлыг эхлүүлж, Хүннүгийн язгууртны цогцолбор булшнуудыг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг удирдан зохион байгуулж байна” хэмээн танилцуулжээ.

Хүннүгийн язгууртны цогцолборт газрын хамгийн том нь болох Голмод 1, 2 , Ноён уулын дурсгал, Тахилтын хотгор, Төв аймгийн Баянцагаан сум дахь Чихэртийн зоо, Хэнтий аймгийн Дуурлиг нарс зэргийг Дэлхийн өвд бүртгүүлэх эцсийн хурал 2026 онд болно.
Энэ хуралд Унгарын Үндэсний музей, ШУА-ийн хүрээлэнгүүд, Унгар судлалын хүрээлэн, БНХАУ, ОХУ-ын Татарстан, Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Казахстаны ШУА-ийн судлаачид оролцож байна.
