Тайландад болж буй Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч Мексикийн миссийг хурцаар шүүмжилсний дараа ихэнх оролцогч тэмцээнийг орхиж гарчээ. Тэмцээний бэлтгэлийн үеэр зохион байгуулагч Нават Ицарагрисил хэд хэдэн оролцогчийн өмнө, олны нүдэн дээр Мексикийн мисс Фатима Бошийг борлуулалтын контент хийж чадаагүй хэмээн хурцаар шүүмжилжээ.
Мексикийн мисс Фатима Бош өөрийгөө өмөөрч үг хэлэх үед зохион байгуулагч Нават хамгаалалтын ажилтныг дуудаж, Фатима Бошийн талд орсон оролцогчдыг тэмцээнээс хасна гэж сүрдүүлжээ. Үүний дараа Мексикийн мисс Фатима Бош өрөөнөөс гарч явсан байна. Энэ үед бусад олон оролцогч ч бас түүнтэй цуг өрөөнөөс гарч явсан аж.
Ноён Нават Мексикийн мисс Фатима Бош руу уурлан хашхирч байгаа нь хяналтын камерт бичигдэж үлдсэн байна. Бусад орны мисс Фатима Бошийг дэмжих үед Нават “Хэрэв та нар тэмцээндээ үргэлжлүүлж оролцмоор байвал буцаад сууцгаа. Хэрэв та нар босож ирвэл бусад нь тэмцээнийг үргэлжлүүлнэ шүү” гэж сүрдүүлжээ. Гэсэн ч ихэнх оролцогчид босоод хаалгаар гарч явсан байна.
Тэмцээнийг орхиж явсныхаа дараа Мексикийн мисс Фатима Бош зохион байгуулагч Нават өөрт нь хүндэтгэлгүй хандсан, өөрийг нь тэнэг гэж дуудсан хэмээн мэдэгджээ. Харин Нават “Би тэгж хэлээгүй. Миний үгийг буруугаар ойлгосон байна” гэж үгүйсгэв.

“Miss Universe” байгууллага Нават Ицарагрисилийг зохисгүй авир гаргасан гэж буруутгалаа. Нават зохисгүй авир гаргасандаа уучлал гуйжээ. Үүний дараа “Miss Universe” байгууллага Нават Ицарагрисилийн уг тэмцээнийг зохион байгуулах эрхийг түдгэлзүүлж, олон улсын зохион байгуулагчдыг уг тэмцээнийг удирдуулахаар явуулсан байна.
Эх сурвалж: BBC
