АТГ-аас УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан прокурорын мэдэгдэх хуудсыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа аж. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгаж буй.
УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдсөн нь өнөөдөр түүнийг улс төрийн гэмт хэрэгт татах хэмжээнд хүртэл асуудал өрнөчхөөд байгаа. Өөрөөр хэлбэл, 9 дүгээр сарын 27-нд болсон МАН-ын даргын сонгуульд Д.Амарбаясгалан олонхын санал авч, МАН-ын дарга болсон байдаг. Гэвч энэ нь Г.Занданшатарт таалагдаагүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлснээр Монголын улс төр өмнө нь байгаагүйгээр бужигнаж эхэлсэн.
Ямартай ч УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг хууль хяналтын байгууллага хуулийн хүрээнд шалгаж байна. Магадгүй энэ нь эрх баригч намын их хуралд Д.Амарбаясгаланг оролцуулахгүй байх тактик байхыг үгүйсгэхгүй гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Ардын намын 31 дүгээр их хурал ирэх долоо хоногт болно.
