Ажлаа багасгах зорилгоор 10 өвчтөнөө санаатай хороосон сувилагчид бүх насаар нь хорих ял оноожээ


Герман улсад нэрийг нь нууцалсан, 44 настай эрэгтэй сувилагчид 10 өвчтөний амийг санаатайгаар хороосон, өөр 27 өвчтөний амийг санаатайгаар хороох гэж завдсан хэргээр бүх насаар нь хорих ял оноожээ.

Уг сувилагчийг 2024 онд баривчилсан байна. Өнөөдөр түүний шүүх хурал болж, бүх насаар нь хорих ял оноов. Шүүх түүнийг шөнийн ээлжийн ачааллаа багасгахын тулд өвчтөнүүдэд их хэмжээний морфин, мидазолам, булчин сулруулагч тарьж, санаатайгаар амийг нь хороосон гэж буруутгажээ.

Уг сувилагч 2020 оноос эхэлж Германы Вюрзелен хотын эмнэлэгт ажиллаж эхэлсэн. Тэрбээр эдгээр гэмт хэргийг 2023 оны 12-р сараас 2024 оны 5-р сарын хооронд тус эмнэлэгт ажиллаж байхдаа үйлджээ. Мөрдөн байцаагчид тус сувилагчийн бусад сэжигтэй хэргүүдийг үргэлжлүүлж шалгаж байгаа аж. 

Мөн 2019 онд Герман улсад Нильс Хёгел гэх эрэгтэй сувилагч 2 өөр эмнэлэгт 85 өвчтөнд тариа хийж санаатайгаар амь насыг нь хороосон хэргээр бүх насаараа хоригдох ял авч байжээ.

Герман улсын хуулийн дагуу гэмт хэрэгтэн нэрээ нууцлах эрхтэй байдаг аж.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *