Монголбанкинд шургалсан сайд, дарга нарын эхнэр, хүүхдүүд хэн бэ  


УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: Дарга нарын дарга болчихсон Монголбанк 270 хүнтэй байсан юм гэнэ лээ. Одоо 700 гаруй хүнтэй болчихсон юм гэнэ лээ. 700 хүн ажилд авахад тушаал гардаг байлгүй дээ. Үзэгдэж харагддаггүй хүний тушаалыг үзэж харж болох уу? ЭЗБХ мэдэж авмаар байна. Бүгдээрээ ББСБ-ын хувь эзэмшигч юм шиг байгаа юм. Орон тоогоо хэзээ, яаж нэмснийг мэдэж болох уу?

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван: 700 орчим хүн ажиллаж байна. 2012 оноос хойших албан хаагчдын дэлгэрэнгүй мэдээллийг танд албан бичгээр хүргүүлье.

Энэ бол 2025.04.01-нд УИХ-ын ЭЗБХ-ны хурлын үеэр болсон яриа.

1924 онд Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банк нэртэйгээр анх байгуулагдахдаа 22 ажилтантай байжээ.

2006.12.31 Монголбанк 20 аймаг, хотод салбар, төлөөлөгчийн газартай, 286 ажиллагсадтай.

2008.03.06-нд Монголбанкны Там­гын газрын дарга Б.Шатар “Ма­найх нийт 200 гаруй ажил­тантай. Үүнээс хэн нэгний захиас даалгавраар ажилд орсон хүн нэг ч байхгүй” гэж мэдэгдсэн.

2015.03.06ны өдөр Монголбанк 400 гаруй ажилтантай. Нийт ажиллагсдын 49% нь Монголбанкинд 5, түүнээс дээш жил, 39% нь 10, түүнээс дээш жил ажиллаж байв. Жилд 10-аад ажилтан гадаад, дотоодын тэтгэлгээр өндөр хөгжилтэй оронд сурдаг.

2019.11.03-нд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын даргад хаягласан халагдах захидалдаа 500-аад ажилтантай гэж бичсэн байв.

2025.06.19-нд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монголбанк анх 270 ажилтантай байсан. Одоо 700 болсон. Бүтээмж нь дордсон” гэж мэдэгдэв.

2025.06.30-нд УИХ-ын ЭЗБХ-ны хурлын үеэр П.Сайнзориг гишүүн “700 албан тушаалтнаасаа хэдийг цомхотгох вэ. Яагаад ингэтлээ данхайв аа? 6, 7 офис байгаа гэж сонссон, энэ өндөр барилгаас чинь гадна” гэж асуусан. Үүнд Төв банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “ Монголбанкны Хяналтын зөвлөлөөс орон тоо, төсөв, зардалд шалгалт хийж байгаа. Шалгалтын дүн гарсны дараа төсөв, орон тоонд хэмнэлт хийнэ” гэж хариулсан юм.

Монголбанкны ажиллагсдын олонх нь УИХ-ын үе үеийн гишүүн, сайд, дарга нарын эхнэр, хүүхдүүд байдаг гэлцдэг. Сайд асан Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг энэ банкинд Мөнгөн тэмдэгтийн газрын захирал хийж байгаад больсон. Эхнэрээ тус банкнаас тэтгэвэрт яаран гаргасан нь Ч.Хүрэлбаатар өөрөө Монголбанкны ерөнхийлөгчөөр очих бэлтгэлээ хангаж байгаа хэрэг юм гэнэ лээ.

Тус банкны Дотоод аудитын газрын захирал А.Шижирмаа МАН-ын гишүүн, Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэрийн гэргий. Гэх мэтчилэн ухвал овоо юм гарч ирнэ.

Төв банк гэдэг утгаараа цалин өндөр, хангамж сайн. Ажиллагсдынх нь тухай дэл сул яриа гарахаас айхтар сэргийлж, мэдээллээ сайтар нууцалдаг. Арын хаалгаар ажилд орсон хүмүүс өөрийгөө илчлэхийг мэдээж хүсэхгүй. Гэвч өрөөлд гайхуулах, бусдыг дээрэлхэх үедээ тэр сайдын эхнэр, энэ гишүүний хүү ингэсэн тэгсэн гээд ам алдчихсан байдаг.

2008 онд 200 хүнтэй ажиллаж болж байсан энэ банк 17 жилийн хугацаанд ажиллагсдынхаа тоог 3 дахин нэмж, барилгаа ч тэр хэрээр томруулжээ. 2008.03.06-нд Монголбанкны Там­гын газрын дарга Б.Шатар “Ма­найх нийт 200 гаруй ажил­тантай. Үүнээс хэн нэгний захиас даалгавраар ажилд орсон хүн нэг ч байхгүй” гэж мэдэгдсэн байна. Тэр үед арын хаалганы ажилчин байгаагүй байж болох ч түүнээс хойш бий болоогүй гэх баталгаа бас алга.

Монголбанкны Хяналтын зөвлөл өнгөрсөн зун бүтэц, орон тоотой холбогдуулан шалгалт хийсэн боловч мэдээллээ бас л олон нийттэй хуваалцсангүй. Хяналтын зөвлөл нь хянадаг юм уу даа, энэ банкаа. Хэн хэн гэдэг гишүүн, сайд, даргын эхнэр, хүүхэд энд байдгийг мэдмээр л байна.

Энэ банкны ажиллагсад дунд банк бус санхүүгийн байгууллагатай хүн нэлээд байдаг сураг бий. Гэвч шалгаж тогтоосон удаа үгүй. Шалгадаггүй учраас тийм мэдээлэл байдаггүй.

Засгийн газар данагар төрийг цомхон болгохоор зорьж, цомхотгол хийж байгаа. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын мэдээллээр 35 агентлагийн 3353 орон тоог 9%  цөөлж, 3052 болгожээ. Агентлаг доторх газар, хэлтэс, тасаг, албаны тоог цөөлсөн байна. Чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор нийт орон тоог 301-ээр багасган, 54 дарга цомхотгож, цалин хөлсний зардлаас 10-аад тэрбум төгрөг хэмнэжээ. Яам болон агентлагийн газар, хэлтсийн дарга нарыг цомхотгосноор 20 орчим тэрбум төгрөг, Үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаснар 40 орчим тэрбум төгрөг, нийт 60-аад тэрбум төгрөг хэмнэсэн аж.

Багш нарын цалинг арайхийж нэмэхээр боллоо. Эмч нар 15%-ийн нэмэгдлээ голж, ажил хаяад байна. Араас нь аль салбар ажил хаях юм байгаа юм. Улс орон ийм хүнд байхад УИХ-ын харьяа байгууллагууд бас даргаа цөөлж, давхардсан, хэрэггүй, арын хаалганы ажиллагсдаа цомхотгох нь зүйд нийцнэ. Монголбанк төсвийн байгууллага биш, улсын төсвөөс мөнгө авдаггүй. Гэхдээ л бусдад үлгэр үзүүлж, цомхотгол хийхэд болохгүй гэх газаргүй. Тиймээс ч УИХ-ын ЭЗБХ энэ оны 7-р сард Монголбанкинд үүрэг өгчээ. Үүний дагуу тус банк Улаанбаатар хот болон 17 аймаг дахь салбараасаа нийт 100 хүн цомхотгож, одоо нийт 500 гаруй орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгааг Монголбанкны Хэвлэл мэдээллийн алба мэдээллээ.

ТАНИЛЦ: МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Дарга Нинжбатын Ууганбаатар 

  • 2012-2021 он МУИС, Математикийн тэнхимд багш, дэд профессор
  • 2021-2024 он МУИС, Эдийн засгийн тэнхимд багш, дэд профессор
  • 2024 он Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн
  • 2025 он Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга

ГИШҮҮД

Сугарын Лхагвадорж 

  • 2025 он Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн
  • 2019 он “Дарь Финанс” ББСБ-ын гүйцэтгэх захирал
  • 2023 он Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн хараат бус гишүүн
  • 2017-2019 он Улаанбаатар хотын банк, Иргэдийн банкны орлогч захирал
  • 2014-2017 он Улаанбаатар хотын банк, Салбар, хэлтсийн газрын захирал
  • 2008-2011 он Голомт банк, Байгууллагын банк хариуцсан менежер

Гэрэлтийн Тэлмэн  

  • 2025 он Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн
  • 2024 он “Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2020-2024 он “Монгол Шуудан” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
  • 2020-2024 он “Ард кредит ББСБ” ХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн
  • 2016-2020 он “Монгол шуудан” ХК-ийн дэд захирал
  • 2015-2016 он “Эм И Си Партнерс” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал
  • 2013-2015 он “LG International Corporation”, ахлах менежер
  • 2013 он “Samsung C&T” Corp., Нүүрсний хэлтэс, туслах менежер
  • 2012 он “Samsung C&T” Corp., Зэсийн хэлтэст дадлагын ажилтан
  • 2008-2009 он Монгол дахь Төлөөлөгчийн газар, туслах менежер

Тунсагийн Тэлмэн  

  • 2025 он Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн
  • 2019 он “Амар даатгал” ХХК-ийн бизнес эрхэлсэн дэд захирал
  • 2018-2021 он Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар төслийн зөвлөх
  • 2016-2017 он Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх
  • 2016-2020 Санхүү эдийн засгийн их сургууль, Санхүүгийн удирдлагын тэнхимийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн
  • 2014-2016 “Микрокредит” ББСБ-ын гүйцэтгэх захирал
  • 2013-2014 он “Монголын-Алт” корпорац, Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирал
  • 2010-2013 он “Монгол даатгал” ХХК, даатгал эрхэлсэн дэд захирал
  • 2010 он Монголбанк, Хяналт шалгалтын газар, ахлах хянан шалгагч
  • 2000-2010 он Монголбанк, Дотоод аудитын газар, аудитор, улсын байцаагч

Ундраагийн Хосжаргал 

  • 2025 он Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн
  • 2022 он “BPM Mongolia” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2021-2022 он “МИГ” ХХК, дэд захирал
  • 2018-2019 “Голомт” банк, БПР төслийн захирал
  • 2014-2018 он “Голомт” банк, Сувгийн удирдлагын газрын захирал
  • 2010-2014 он “Голомт” банк, Салбарын захирал
  • 2007-2010 он “Голомт” банк, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер
  • 2006-2007 он “Голомт” банк, эдийн засагч

Гомбын Эрдэнэбаяр

  •  2025 он Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн
  • 2016-2021 он Монгголбанк, Хууль, эрхзүйн газрын ахлах мэргэжилтэн
  • 2012-2016 Монголбанк, Хууль, эрх зүйн газрын захирал
  • 1992-2012 он Монголбанк, Хууль зүйн хэлтсийн захирал
  • 1991-1992 он Монголбанк, Тамгын газрын захирал
  • 1991 он Худалдаа хөгжлийн банк, хуульч
  • 1988-1990 он Улсын прокурорын газар, онцгой хэргийн мөрдөн байцаагч
  • 1983-1988 он Цэргийн ерөнхий прокурорын газар, мөрдөн байцаагч
  • 1982-1983 он Завхан аймгийн АДХГЗ, ахлах хуульч

Данзанбалжирын Энхжаргал

  • 2001-2002 он Монголбанк, ерөнхий эдийн засагч-ерөнхийлөгчийн туслах
  • 2002-2007 он Монголбанк, Лондон хот дахь төлөөлөгч
  • 2007-2010 он Монголбанк, дэд Ерөнхийлөгч
  • 2010-2013 он Монголбанк, Лондон хот дахь Европ хариуцсан Төлөөлөгчийн газрын захирал
  • 2010.12.15 Азийн хөгжлийн банк, санхүү банкны зөвлөх
  • 2015 он Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк
  • 2016 он Дэлхийн банк, Санхүүгийн салбарын хөгжлийн бодлогын зөвлөх
  • 2017-2018 он Европын холбоо, GIZ төсөл, Төсвийн бодлогын ахлах зөвлөх
  • 2021-2022 он Олон улсын хөрөнгө оруулалтын банк, УЗ-ийн монгол захирал
  • 2020-2024 Төрийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн
  • 2022-2023 он Мянганы сорилтын сан, Интерим гүйцэтгэх захирал
  • 2025 он Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *