Боловсролын зээлийн сангийн дарга О.Сийлэгмаа болон түүний ажлын хэсгийнхэн хүүхдүүдэд ялгавартай хандаж, хүний эрхийг зөрчсөн талаар эцэг, эх асран хамгаалагчид нэгдэн, өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Гадаадад суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхийг хязгаарлаж, шударга бус сонгон шалгаруулалт хийсэн, “Илгээлтийн эзэд 2100″ хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн байр болон сургалтын төлбөрийг цаг тухайд шилжүүлээгүйгээс ар гэрийнхэн нь санхүүгийн эрсдэлд орж байгаа талаар ярьсан юм.

Б.Энхболд: “Илгээлтийн эзэд 2100″ хөтөлбөрөөр сурч буй хүүхдүүд төр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс сургалтын болон байрны төлбөргүй хөөгдөхөд бэлэн болсон. Цаашлаад харь улсын шүүхэд дуудагдсан. Шүүхээр орохгүйн тулд миний хувьд хүүхдийнхээ сургалтын болон байрны төлбөр болох 50 орчим сая төгрөгийг өөрсдөө төлсөн. 2025 оны хавраас ойролцоогоор 50 орчим сая төгрөг сургалтын болон байрны төлбөрт төлөөд байна. Хүүхдүүд шантарч байна. Боловсролын зээлийн сан журмынхаа дагуу ажиллаагүйгээс хүүхдүүд хохирч байгаа. Сургалтын болон байрны төлбөрийг хугацаанд нь олгоогүйгээс ар гэр нь санхүүгийн эрсдэлд орж байгаа. 7 шатны байгууллагаас О.Сийлэгмааг зөрчилтэй гэж тогтоосоор байтал хариуцлага тооцсонгүй” гэв.

П.Цэрэннадмид: АТГ, Монгол Улсын ёс зүйн дэд хороо, ХЭҮК зэрэг байгууллага О.Сийлэгмааг хүний эрх зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатарт бид шаардлага хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй байна.
Иймээс бид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт гаргаж байна. Холбогдох байгууллагуудаас гаргасан дүгнэлтийг хэрэгжүүлэх, төрийн үйчилгээг шударга зарчмаар явуулах талаар бусад бүх шатны байгууллагад уриалга гаргахыг хүсэж байна.
