Э.Бат-Үүл МАН-ын хамгаалагч хийхээ больж, татан буулгахаар ханцуй шамлав


“Ардчилсан хувьсгалаар МАН-ыг татан буулгаагүй” гэж намайг буруутгадаг явдал сүүлийн үед улам хүчээ авч байна. Тохироо бүрдэж байна гэсэн үг! Ийм тул би  МАН-ыг татан буулгах тэмцэл хийх цаг нь болсон гэж үзэж, хөдлөхөөр шийдэв!” хэмээн Монгол Улсын баатар Э.Бат-Үүл өчигдөр олон нийтийн сүлжээгээр мэдээлж, залуусыг жагсаалд уриаллаа.

1990 оноос өмнө Монголын төрийг нам удирддаг байлаа. Түүнийг 1990 онд Ардчилсан хувьсгалаар болиулж, намын эрэмбийг доошлуулан, төрийн эрэмбийг дээшлүүлсэн ч явж явж МАН эргээд төрийн дээр гарав. Үүнд эгдүүцсэн зарим хүн Э.Бат-Үүлийг чичилж, одоо нөгөөх нь амаа барьж байгаа бололтой.

1998.10.02-нд С.Зоригийг бусдын гарт зэрлэгээр алуулсны дараа ардчиллынхан тухайн үеийн хувьсгалт намын байр луу дайрахаар нэг нэгнийгээ уриалж, босоход бэлэн болцгоосон гэдэг. Түүнийг дэврээлгүй дарсан хэдэн хүний 1 нь Э.Бат-Үүл гэдэг.

2008.07.01-ний үймээнээр МАН-ын цагаан байрыг иргэд шатааж, улс төрд МАН-ыг татан буулгах тухай яригдаж байхад Э.Бат-Үүл аварсан тухай Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгээрээ олон нийтэд мэдээлсэн.

2021.04.19-нд Ерөнхийлөгч Х.Баттулгыг“МАН-ыг татан буулгах захирамж гаргахад өмөөрсөн хүн нь өнөө л Э.Бат-Үүл.

Олон намын тогтолцоо бол түүний бий болголцсон ардчиллын нэг амин сүнс. Тиймээс тэр ардын намыг өмөөрч, татан буулгахын эсрэг явж иржээ.

МАН түүний цээжний махыг барж, тэвчээрийн утсыг тасалжээ

Харин одоо Э.Бат-Үүл өмнөх байр сууриа өөрчилж, өөр юм ярьж эхэллээ. Ардын намыг татан буулгахыг дэмжихээр барахгүй, өөрөө шүүхээс түүнийг шаардан жагсах юм гэнэ. МАН-ыг татан буулгах тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлиг хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Энэ зарлигийг хэрэгжүүлэхийг шүүхээс Э.Бат-Үүл баатар шаардаж, жагсаал зохион байгуулна. Хэзээ гэдэг нь одоогоор тодорхойгүй ч нэг их удахгүй биз дээ.

“Манай зарим радикалууд “МАН-ыг устгах ёстой” гэж байхад хэд хэдэн удаа өмгөөлсөн маань миний тэнэглэл байсан юм биш байгаа гэж сүүлийн үед бодогдох болсон. Зоригийг хөнөөсний дөнгөж дараа хилэгнэсэн олон түмэн МАН-ын цагаан байр руу дайрах гэж байхад нь би зогсоож л байлаа. Олон ч аюулаас МАН-ыг хамгаалсан. Хоёр их гүрний дунд орших монголчууд яавч хүчирхийлэлд хүрч болохгүй гэдэг зарчмыг ягштал барьдаг байлаа” гэж тэр мэдэгдлээ. Өнгөрсөн цаг дээр бичигдсэнийг нь анзаарч байна уу?

АН, МАН гэж ялгалгүйгээр аль ч нам оршин байхыг дэмжиж, олон намын тогтолцоон дээр ололт, амжилт, хөгжил байгаа гэж итгэж ирсэн тэр байр сууриасаа буцлаа. МАН түүний цээжний махыг барж, тэвчээрийн утсыг тасалжээ. Нүүрсний хулгайч нартай тэмцье гэвэл МАН-ыг татан буулгах ёстой гэж тэр үзжээ.

МАН-ыг татан буулгах нь хамгийн сүүлчийн бөгөөд цорын ганц арга гэж Э.Бат-Үүл үзжээ

Авлигач нартай тэмцэнэ гэж амласан Л.Оюун-Эрдэнэ амаа цуцтал ярьсан ч өөрөө өрөөсөн дугуй нь болсон гэж үзээд УИХ огцруулсан. Авлигачидтай тэмцэнэ гэдэг нь намынхаа нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг Л.Оюун-Эрдэнэ үнэн хэлсэн ч чалчихаас өөрийг хийгээгүй. Г.Занданшатар одоо нүүрсний хулгайг зогсооно гэж амлаж байгаа ч итгэхэд бэрх. Түүнд нүүрсний хулгайг зогсоож чадахгүй гэхэд зогсоохоор тэмцэх боломж, эрх мэдэл байлаа. Аливаа гэмт хэрэгтэй Ерөнхий сайд болохоороо л тэмцдэг юм биш. Иргэн хүн ч тэмцэх ёстой. Эднээс өмнөх Ерөнхий сайд, МАН-ын дарга нар ч иймэрхүү амлалт өч төчнөөнийг өгч, сайхан үг зөндөө хэлсэн.

Хэлж л чаддаг, хийж чаддаггүй МАН-ын дарга нар солигдсоор, сар жилүүд өнгөрсөөр. Одоо л юм өөрчлөгдөнө, энэ дарга л өөр болгоно гэж ард олон хүлээсээр… МАН-ыг татан буулгахгүйгээр улс орноо хөгжихийг харах гэж хүлээлээ, тэвчлээ. Тэвчээрийн утас нь чанга ард түмэн тулдаа л болж байна даа. Э.Бат-Үүлийн тэвчээр тасарч байгаа бол түүн шиг тэвчээр нь барагдсан хүн олон байгаа нь гарцаагүй. МАН-ыг татан буулгах нь хамгийн сүүлчийн бөгөөд цорын ганц арга гэж Э.Бат-Үүл үзжээ. Тийм ч байж болох л юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *