Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоотой хийж буй хэлэлцээртэй Засгийн газар өнөөдөр танилцсан. Ингээд эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалинг нэмж, багш нарынхтай адил хэмжээнд аваачихаар шийдвэрлэжээ. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
-Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарын ажил хаялттай холбоотой асуудлыг танилцууллаа. 2026 оны 1 дүгээр сараас эмч нарын цалинг 30% нэмнэ. Цаашид үе шаттайгаар 75%-иар нэмж, 2026 ондоо багтааж 3 сая төгрөгт, 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэх тухай танилцууллаа.
Та бүхэн мэдэж байгаа. 2027 оныг эрүүл мэндийн салбарыг дэмжих жил болгож зарласан. Зардлаа танах, ЭМДС-гийн орлогыг нэмэх зэргээр цалин нэмэх эх үүсвэрээ олохоор тооцсон. Сахилга батыг сахиулж, 157 тэрбумыг гарган, цалин нэмнэ. Төсвөөс 191 тэрбумыг ЭМДС-нд шилжүүлбэл тус сангийн зардал 2.1 их наяд болно. Ингээд үргүй зардлаа хэмнэж, 157 тэрбумыг цалин нэмэхэд зарцуулах юм.
30%-ийн нэмэгдэл нь үндсэн цалин, үлдсэн 45% нь нэмэлт цалин байна. Одоо байгаа 1.1 саяын үндсэн цалин нэмэгдэж, 2 сая 40 мянга болно. Залуу эмч нарын цалин 1.4 сая байгааг 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс 1.9 сая болгоно. Харин 75%-иар нэмсний дараа 2.5 сая болно. Хамгийн дээд ангилалд одоо байгаа 1.8 саяын цалин 2.3 сая болно. 75% нэмсний дараа 3.1 сая төгрөг болох юм.
Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс гаргасан саналыг өчигдөр орой ярьж тохирсон. Энэ саналаа одоо үйлдвэрчний эвлэл рүү явуулах гэж байна.
