Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан (UNFPA), БНХАУ-ын ЭСЯ хамтран “Охидыг хүчирхэгжүүлэх нь: Эрүүл ахуй, ариун цэвэрт ээлтэй сургуулийн орчинг бий болгох нь” төслийн нээлтийг 11 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын сургууль дээр хийлээ. Алслагдсан сумдын сургууль, дотуур байрны охидын сарын тэмдгийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, тэднийг сарын тэмдэг ирсэн үед хичээл таслахаас сэргийлэхэд энэ төсөл чиглэж байна.
2025-2026 онд Сэлэнгэ, Орхон аймгийн нийт 5 сургууль, дотуур байранд уг төслийг хэрэгжүүлнэ. Төсөлд өсвөр насны 2030 охин хамрагдана. Охидыг дэмжих орчин бүрдүүлэх зорилгоор 41 багш, эмч, дотуур байрны ажилтан, 5000 гаруй хөвгүүн, олон нийтийг мэдээллээр хангана.
Ариун цэврийн өрөөний орчныг сайжруулж, багш, ажилтнууд, эцэг эхчүүд болон хөвгүүдийн ойлголтыг дээшлүүлэн, охидод нэг удаагийн болон олон дахин ашиглах ариун цэврийн багц олгох аж. Мөн үндэсний хэмжээний судалгаа хийж, үндэсний удирдамж боловсруулах нөлөөллийн ажлыг зохион байгуулах юм. Төслийн эцсийн зорилго нь Сэлэнгэ, Орхон аймгийн охид сарын тэмдгийн өдрүүдийг эрүүл, аюулгүй удирдаж, хичээлээ таслалгүй суралцах юм.
Уг төсөлд хамрагдсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 30 сурагчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас сургалтын тэтгэлэг гардуулав.
