УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: Монголбанкны ерөнхийлөгч хэн ч билээ, 1 нөхөр байдаг. Үзэгдэхээ больсон байна. Амьд юм уу? Байгаа юм болов уу? Бодвол төсвөөс цалин авдаг байлгүй дээ, тэр хүн. Монголын татвар төлөгчдийн мөнгөөр цалин авч байж, яагаад хуралд ирж, асуултад хариулдаггүй юм.
Энхтайван дэд ерөнхийлөгчид ерөнхийлөгч болоорой гэж ерөөе! Хурал даргалагчийн хэлдгээр.
УИХ-ын ЭЗБХ-ны 2025.04.01-ны хурлын үеэр Н.Батсүмбэрэл гишүүн ингэж хэлсэн юм. Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ 6 жилийн хугацаатай томилдог. Үүний дагуу парламентаас 2019.11.22-нд томилогдсон Б.Лхагвасүрэнгийн төв банкны ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийн хугацаа 2025.11.21-нд дуусна. Түүнийг тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосноор чуулганд нэр дэвшигчийн сонсгол хийн, томилж байв. Тиймээс ч Монголбанкны ерөнхийлөгч болох гэсэн хүмүүсийн амбийц хөдөлж, тэр албан тушаалд өөрийн хүнээ тавих гэсэн эрх мэдэлтнүүд хэлд оржээ.
Тус банкны ерөнхийлөгчийг УИХ томилдог ч гэлээ дуртай үедээ даргыг нь дуудан уулзах ёсгүй. Монголбанкны ерөнхийлөгч ажлаа УИХ-ын өмнө хариуцан тайлагнадаг ч их хурлын гишүүд амандаа багтсан үгээр түүнийг аашилж загнах учиргүй. Харин ч төв банкны тэргүүнээр ажиллаж буй хүн уг албан тушаалыг хашиж байх хугацаандаа ганц ч сайд, гишүүнтэй уулзахгүй байвал сайн. Аливаа улсын Төв банкны удирдлага тийм байж чадвал үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах баталгаа болох юм.
Монголбанкны ерөнхийлөгч болох гэсэн хүмүүсийн амбийц хөдөлж, тэр албан тушаалд өөрийн хүнээ тавих гэсэн эрх мэдэлтнүүд хэлд оржээ
Хараат бусаар ажиллах нь Монголбанкны амин сүнс. Энэ банкийг хараат бус байлгахын тулд улсын төсвөөс 1 ч төгрөг өгдөггүй. Монголбанк бол төсвийн байгууллага биш. Төрийн мөнгөний бодлогыг хариуцдаг энэ байгууллага улстөрөөс хараат байвал улстөрчид дураараа мөнгө хэвлүүлсээр байгаад улсаа дампууруулна. Үүнээс хамгаалахын тулд л төв банкийг бие даасан, хараат бус байлгадаг.
Уг нь Б.Лхагвасүрэнд дахин 1 удаа хугацаагаа сунгуулах боломж бий. Түүнийг төв банкны ерөнхийлөгчөөр улиран ажиллах уу, орны хүндээ тамгаа өгөөд, хамт зургаа авахуулах уу гэдгийг УИХ-ын дарга шийднэ. Гэхдээ шийдэх хүн нь одоогоор алга. УИХ өөрөө даргагүй байгаа. МАН-ын даргаар дөнгөж өчигдөр сонгогдсон Н.Учрал энэ 7 хоногтоо УИХ-ын дарга болж таарна. Түүний дараа л Б.Лхагвасүрэнгийн тавилан шийдэгдэх нь.
Б.Лхагвасүрэн хэрвээ улирвал Монголбанкны түүхэнд бичигдэнэ. Учир нь 1991 онд 2 шатлалт банкны тогтолцоонд Монгол Улс шилжсэнээс хойш төв банкны ерөнхийлөгч нар дунджаар 3.7 жил ажиллажээ. Юун 6 жил. Бүрэн эрхийн хугацаагаа бүтэн дуусгасан хүн энэ банкны түүхэнд ердөө 2 байгаа нь О.Чулуунбат, Б.Лхагвасүрэн нар.
Монголбанкны үе үеийн ерөнхийлөгч нарын ажилласан хугацаа:
- Н.Жаргалсайхан 1991-1992 он
- Д.Моломжамц 1992-1996 он
- Ж.Үнэнбат 1996-2000 он
- О.Чулуунбат 2000-2006 он
- А.Батсүх 2006-2009 он
- Л.Пүрэвдорж 2009-2012 он
- Н.Золжаргал 2012-2016 он
- Н.Баяртсайхан 2016-2019 он
- Б.Лхагвасүрэн 2019 оноос хойш
Энэ 9 хүний 1 нь үүрэгт ажлаа хангалтгүй хийсэн гэдэг үндэслэлээр чөлөөлөгдсөн бол 7 нь хугацаанаасаа өмнө халагдах өргөдлөө өгчээ. Үүнийг хараат бусаар ажиллаж байна гэх үү?
Хараат бусаар ажиллах гэж тэд чадах ядахаараа тэмцээд, аргаа барсандаа ажлаа өгцгөөсөн байдаг. Үүний тод илрэл бол Н.Баяртсайханы 2019.11.03-нд УИХ-ын даргад бичсэн захидал. Ажлыг нь авах гэж байгааг мэдээд Н.Баяртсайхан “УИХ-ын чуулганаар Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудал хэлэлцэхээр болж байгааг дөнгөж сая мэдлээ. Аливаа орны төв банк нь мөнгөн тэмдэгт хэвлэн гүйлгээнд оруулах онцгой эрхтэй. Энэ эрхийг хэрэгжүүлэгч байгууллагыг хараа хяналтдаа оруулах оролдлого улс орон болгонд өрнөж ирсэн тул төв банкны бие даасан, хараат бус үйл ажиллагааг хангах зарчим Дэлхий даяар мөрдөгддөг” гэсэн байв.
