Н.Учралаас юу ч хүлээх хэрэггүй


МАН-ын 31-р их хурлын өнгө аяс Хятадын Коммунист намын их хурлыг санагдуулав. Ижил хувцсаар жигдрээгүй л болохоос яг аа яг.

2255 төлөөлөгч оролцуулахаар зарласан ч 21 аймаг, 9 дүүргээс 2247 төлөөлөгч ирэв. Энэ олон хүний арыг 450 хүн дааж, 1 төлөөлөгчид 5 хүн үйлчилжээ. Тэдний 300 нь Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Социал демократ Монголын залуучуудын холбоо, Социал демократ Монголын оюутны холбооны гишүүд болон  сайн дурынхан. 150 нь тус намын Удирдах зөвлөлийн Ажлын албаныхан.

Их хурал хийх зардлаа хүчрэлгүй, намын даргад нэр дэвшигчдээрээ даалгасан АН-ын дэргэд МАН мөнгөтэй гэдгээ харууллаа. “Буянт-Ухаа” спортын ордонд бүтэн өдөр хурал хийхэд амралтын 1 өдөр нь 20 сая, ажлын 1 өдөр нь 18 сая төгрөг. Зөвхөн хурлын танхимд МАН 58 сая төгрөг төлжээ. “Буянт-Ухаа” спортын ордон бол ТӨҮГ. МАН арын хаалга хэрэглэлгүйгээр төлбөрөө төлсөн гэж найдъя.

УИХ-ын дэд даргын албан тушаалыг эмэгтэйчүүдээс булаан авсан энэ нам их хурлынхаа төлөөлөгчдийн 40%-ийг эмэгтэйчүүдээр бүрдүүллээ. Энэ нь тус намын түүхэнд хамгийн олон эмэгтэй оролцуулсан их хурал болов. Гэлээ гээд жендерийн мэдрэмжтэй харагдаж чадахгүй. УИХ-ын даргаар эмэгтэй гишүүн тавьдаггүй л юм бол.

Б.Лхагважав: Иргэдийн хуралд намууд орохоо больё. Иргэдийн хурлыг иргэдэд нь өгье

Энэ хурлын ганц гялтайх юм нь МАН-ын даргын өрсөлдөөнд Н.Учралыг сөрсөн Б.Лхагважав. Тэр өөрөө нэрээ дэвшүүлсэн үү, намынхаа заавраар дэвшсэн үү, тодорхойгүй. НӨАТ-ын баримтыг цахимжуулж, ард олонд НӨАТ-ын 2%-ийг буцаан олгодог болгон, төсөвт татвараас орох орлогыг 7.6 их наяд төгрөгт хүргэсэн гээд хийсэн юмтай, хэлэх үгтэй тэрээр “МАН өөрөө шударга ёсны төв байх ёстой. Үндсэн хууль дахь иргэдийн өөрөө удирдах ёс “амилж” чадаагүй. Иргэдийн хуралд намууд орохоо больё. Иргэдийн хурлыг иргэдэд нь өгье” гэж хэлсэн нь загатнасан газар маажив. Намын санхүүг ил болгоё гэсэн түүний үгнээс МАН-ын үе үеийн дарга нар айсан биз. Хэлсэн үг, дэвшүүлсэн зорилтоос нь үзвэл тэр өөрөө өрсөлдөөнд оролцсон бололтой.  

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “МАН зүүн төвийн социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж, нийт хүн амын дийлэнх олонхыг нийгмийн чинээлэг, дундаж давхарга болгох зорилт дэвшүүлж ирсэн. Энэ зорилт цаашдаа өргөжин дэвшиж, хөгжих ёстой” гэж хурлаа нээхдээ үнэнээ хэлэв. Социал демократ гэх боловч коммунист хандлагаа тавиагүй энэ нам хүний хөгжлийг бодлогынхоо төвд тавилаа гэж хэлдэг ч тавьж байсангүй. Тавьсан бол өдийд Монгол ийм байхгүй л дээ. Хүн амын олонхыг чинээлэг дундаж давхарга болгох амандаа хүрсэн бол багш, эмч нар 1.5 сая төгрөгийн цалинтай байхгүй л байв. Хэн ч ажил хаяхгүй л байлаа. Тус намын том дарга нар л өөрсдөө хагартлаа баяжив.

Аавынхаа ачаар ажил хийж үзээгүй, намынхаа сайн ахын нөөлгөөр улс төрийн лифтэнд суусан хүнээс юу хүлээнэ гэж?

Нэг хэсэг нь ажил хийгээд байгаа хэрнээ амьдарч чадахгүй, хэцүүдэж явахад, нөгөө хэсэг нь ажил хийхгүй атлаа амьдарч болоод байдаг. Үүнийг Н.Учрал өөрчилнө гэж амлалаа. Гэвч түүнд итгэх аргагүй. Итгэхгүй байгаа хүн олон байна.

Тэр бол өнөөгийн МАН гэдэг тогтолцооны нэг хэсэг. 2247 төлөөлөгчийн 1974 нь түүнд санал өгсөн нь МАН гэдэг тогтолцоо бүрэн ажилласных. Түүнээс Н.Учрал сайндаа 94.95%-ийн, Б.Лхагважав муудаа 5.05%-ийн санал авсан юм биш. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг санал болгосон учраас Н.Учрал тус намын дарга болов. Н.Учралын төлөө нижигнэтэл алга ташиж, ярсхийтэл гар өргөхийг нь мэдсээр байж Б.Лхагважав энэ өрсөлдөөнд оролцож ялагдав. Намаа муухай харагдуулахаас аврах гэж тэр хичээсэн ч нэгэнт засрахаас өнгөрсөн МАН улаан тугийн намираан доороо дадсан юмаа л хийлээ.

Н.Учралыг одоо УИХ-ын дарга болгохоор МАН-ын бүлэг УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан, парламентаар хэлэлцүүлнэ. Тэр одоо 38 настай. 2027 онд Г.Занданшатар Ерөнхий сайдын ажлаа Н.Учралд өгч, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Тэр үед 40 настай Н.Учрал Ерөнхий сайдын албыг авч, 2033 он хүртэл ажиллаад, 46 настайдаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Түүний мөрөөдөж, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын төсөөлж буйгаар ийм л юм болно.

Үүнд шинэ юм юу ч байхгүй. Энэ хооронд Н.Учрал Монголын ард түмэнд юу ч гийгүүлэхгүй. “В.И.Ленин багшийн заасан замаар…” гэдэг шиг намынхаа ах нарын заасан замаар явж, албан тушаалын амтыг мэдрэх нь л түүний мөрөөдөл. ЖДҮХС, Хөгжлийн банкнаас зээл авч амташсан байлгүй. Баян хүн чадуу ардыг бодлоо юу? Аавынхаа ачаар ажил хийж үзээгүй, намынхаа сайн ахын нөөлгөөр улс төрийн лифтэнд суусан хүнээс юу хүлээнэ гэж?


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *